Дорнод аймгийг хөгжүүлэх бодлогын бичиг баримтад 1780 иргэн санал өгчээ

2025-10-30

Дорнод аймгийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл боловсруулах ажил түүнд тусгуулах салбар, салбарын төлөөллүүдийн санал авах хэлэлцүүлгийг 10 дугаар сарын 21-28 ны өдрүүдэд  иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөллийг оролцуулан аймгийн ЗДТГ-ын Бүс орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Нийгмийн бодлогын хэлтэс хамтран зохион байгуулсан.

Нийт 8 удаагийн хэлэлцүүлэгт 349 иргэнийг хамруулж, цахимаар 131 иргэн санал ирүүлж, сумдаас 1300 орчим санал авчээ.

Дорнод аймгийг хөгжүүлэх аван жилийн үндсэн чиглэл нь аймгийн хөгжлийн тэргүүлэх чиглэл, зорилтыг нэгдсэн байдлаар тодорхойлж, төсөв, хөрөнгө оруулалт, салбарын бодлого хоорондын уялдааг хангах зорилготой дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг юм. Иргэдээс авсан саналыг тусган бодлогын бичиг баримт боловсруулж аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн 7 дугаар хуралдаанаар хэлэлцэн батлах юм.

Монгол Улсын Их Хурлаас 2020 онд шинэчлэн баталсан Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д заасны дагуу Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Хөгжлийн зорилтот хөтөлбөрт суурилсан орон нутгийн онцлогийг тусгасан дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичгийг “Аймаг, нийслэл, хотыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” гэж тодорхойлдог.

 

 

Сэтгэгдэл бичих:

Илгээх