Аймгийн Онцгой комисс хуралдлаа

2026-02-09

Аймгийн Онцгой комиссын ээлжит хурал өнөөдөр болж, улаанбурхан өвчний халдварын нөхцөл байдал, аймгийн аюулгүйн нөөцийн өвсийг олгох хуваарийг тус тус хэлэлцлээ.

 

Аймгийн хэмжээнд улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол өнөөдрийн байдлаар 211-д хүрч, дархлаажуулалтын ажил 72 хувьтай үргэлжилж байгаа талаар Эрүүл мэндийн газраас мэдээлэл өглөө.

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хийсэн дархлаажуулалтын дархлал тогттол сурагчдыг хамарсан уралдаан, тэмцээн, бөөгнөрөл үүсгэх арга хэмжээ зохион байгуулахгүй байх, амны хаалтыг тогтмол зүүх, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөхийг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.

Мөн өнгөрсөн долоо хоногийн байдлаар томуугийн өвчлөлийн дэгдэлт нэмэгдэж, амбулаторийн үзлэг өмнөх үеийнхээс 3 дахин өссөн талаар танилцууллаа. Одоогийн байдлаар 64 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагийн 80 хувь нь 4 хүртэлх насны хүүхдүүд байгаа юм.Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн газраас гаргасан зөвлөмжийг мөрдөж ажиллах, томуугийн дэгдэлтийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр бүх шатны эрүүл мэнд, боловсролын байгууллагууд салбар хоорондын уялдаа холбоог ханган ажиллахыг аймгийн Онцгой комиссын орлогч, Засаг даргын орлогч Ч.Ганбат үүрэг болголоо.

Түүнчлэн аймгийн аюулгүйн нөөцөөс Хэрлэн сумын 1, 3, 5, 8, 11 дүгээр багийн 274 өрхөд нийт 6.9 тонн өвс, мөн Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд “цагаанаар зудархуу” ангилалд багтсан Дашбалбар суманд 19.5 тонн өвсийг хуваарилан олгохоор шийдвэрлэлээ.

Сэтгэгдэл бичих:

Илгээх