АСУУДАЛ Ш.ЁЛ, М.ЭНХТӨРДӨӨ Ч БИШ

2024-11-06

Аймгийн Засаг даргыг өдийг хүртэл батламжлахгүй удааж, буцаасан шалтгаан нь Ш.Ёл, М.Энхтөрдөө ч биш юм.

Ер нь сүүлийн арваад жилийн хугацаанд Дорнод аймгийн МАН-ын менежмент, хүний нөөцийн дутагдалд орсон, бодлого буруу явж ирсэн асуудал төв нам дээр яригдаж буйтай холбоотой дуулдана. Сонирхуулбал, МАН-аас орон нутгийн сонгуульд нэр дэвших боломжтой байсан нэр бүхий залуус сөрөг хүчнийг сонгож явсанд МАН-ын удирдлага шүүмжлэлтэй хандаж байгаа гэнэ. Мэдээж УИХ-ын сонгуульд намынхаа даргыг, Ерөнхий сайдыг Дорнодод 4-т эрэмбэлүүлсэн нь ч нөлөөлсөн байж таараа. Энэ тохиолдолд өмнө хэлсэнчлэн манайхаас сонгогдсон М.Бадамсүрэн гишүүний хувьд, Ш.Ёлыг Засаг даргад сонгогдох замыг нь засаж намын хорооноосоо гаргаад өгсөн учраас одоо өргүй, дээгүүр улаан галзуу дэмжиж гүйхээс цааргалж зайгаа авч буй нь ов ойлгомжтой асуудал. Удирдсан намаа, төрийн албыг хэрхэн завхруулсан тухай нь авч хэлэлцэж байхад сүүлээ хавчаад зугталгүй яахав.

Өнөөдөр төв МАН дээр аймгуудын үе үеийн намын дарга нарыг хүлээж авч уулзсан байна. Тухайлбал, манайхаас УИХ-ын гишүүн асан Д.Одбаяр, Х.Болорчулуун нар дээрх уулзалтад очжээ. Тэд ч Дорнод аймгийн МАН, аймгийн удирдлагаар Дорнодын гаралтай, боловсролтой, шинэ хүнийг дээрээс томилох нь зүйтэй хэмээн байр сууриа илэрхийлжээ

Энэ мэтчилэн уулзалт хийж, ахмад үеэ дуудаж санаа бодлыг нь сонсож буй нь санамсаргүй ч явдал биш байх. Хөл нь суларсан газрууддаа анхаарч эхэлсний дохио.

Ер нь УИХ 126 гишүүнтэй болсон нь намуудад нэг зүйлийг яс маханд нь хүртэл ойлгуулж буй бололтой. Бөөн дурын хонгионууд ороод ирэхээр нам нь ч, засаг нь ч залж чадахгүй гэдгээ харж буй биз ээ. Тийм ч учраас намын үндсэн бүтэц рүүгээ анхаарах ажил харин ч шуурхай яваад эхэлчих шиг боллоо. Дорнод аймгийн Засаг даргаар хэн томилогдохоос цааших үйл явдлууд өрнөнө өө.

"Дөл" сонины эрхлэгч, сэтгүүлч Д.ДЭЛГЭРМАА

Сэтгэгдэл бичих:

Илгээх