П.МӨНХБАЯР: “Камерын хяналтын дэд төв” –өөс 139 цэгт 482 камер байршуулж хянаж байна

2025-01-22

Тэнцвэртэй мэдээ мэдээллийг түгээдэг Taliinanir.mn сайт долоо хоног бүрийн Мягмар гарагт цаг үеийн асуудлаар албаны хүнээс тодруулга мэдээлэл авч, уншигчдадаа хүргэхийг зорьж байна. “Албаны хүний яриа” булангийнхаа зочноор Дорнод аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа П.Мөнхбаярыг урьж ярилцлаа.     

 

-Дорнод аймгийн хэмжээнд өнгөрсөн онд гэмт хэрэг, зөрчлийн хичнээн дуудлага, мэдээлэл бүртгэгдэв? Ямар төрлийн зөрчил ихээр гарч байна вэ?

- Өнгөрсөн онд аймгийн Цагдаагийн газарт  иргэн аж, ахуй нэгж байгууллагаас гэмт хэргийн шинжтэй 1529, зөрчлийн шинжтэй 2703 хүлээн авч шалгаснаас гэмт хэргийн шинжтэй гэх үндэслэлээр 646 гомдол мэдээлэлд  хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 350 хэргийн эзэн холбогдогчийг тогтоож гэмт хэргийн илрүүлэлт 67 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 4.7 хувиар ахисан үзүүлэлтэй байна. Тодруулбал, цахим залилангийн гэмт хэрэг, замын хөдөлгөөний аюулгүй байдлын журамд өөрчлөлт орж согтуугаар тээврийн хэрэгсэл хоёр дахь удаагаа жолоодсон иргэнийг гэмт хэрэгт бүртгэж эхэлсэнтэй холбоотойгоор гэмт хэргийн тоо өссөн гэж хэлж болно. Мөн Эрүүгийн хуулийн 11, 12, 13-р бүлэгт заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг өссөн үзүүлэлттэй байна.

Гэмт хэргийн шинжтэй 1529, зөрчлийн шинжтэй 2703 хүлээн авч шалгаснаас гэмт хэргийн шинжтэй гэх үндэслэлээр 646 гомдол мэдээлэлд  хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 350 хэргийн эзэн холбогдогчийг тогтоож гэмт хэргийн илрүүлэлт 67 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеэс 4.7 хувиар ахисан.

-Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг өссөн гэж Та ярилаа. Энэ төрлийн гэмт хэрэг өсөх шалтгаан нөхцөлд дүгнэлт хийсэн байх. Цагдаагийн газраас өнгөрсөн онд  урьдчилан сэргийлэх  чиглэлээр ямар ажлуудыг хэрэгжүүлж ажиллав?

-Цагдаагийн байгууллага аймгийн ГХУСАЗСЗ, төрийн болон ТББ-уудтай хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийг бууруулах олон талт аян, нэгдсэн арга хэмжээг долоо хоног, сар, улирал бүр зохион байгуулдаг. Тухайлбал 2023 онд мал хулгайлах гэмт хэрэг, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг өссөн учир 2024 онд ажлаа төлөвлөхдөө энэ төрлийн гэмт хэргийг бууруулах чиглэлээр түлхүү анхаарч, мал хулгайлах гэмт хэргийг таслан зогсоох зорилгоор ТББ-уудтай хамтран нөлөөллийн ажил, хяналт шалгалтыг эрчимжүүлсний үр дүнд өнгөрсөн онд энэ төрлийн гэмт хэрэг буурсан.  Мөн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг бууруулах чиглэлээр Прокурорын байгууллагатай хамтран сүүлийн зургаан жилд гарсан энэ төрлийн гэмт хэрэгт дүн шинжилгээ хийхэд дийлэнх нь ахуйн хүрээнд согтуугаар үйлдэгдсэн байна.

-Хууль хүчний байгууллагаас энэ мэтчилэн гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх ажлыг тогтмол хийдэг ч үйлчилгээний байгууллагууд 00:00 цагт хааснаар ахуйн архидалт өссөнтэй холбож тайлбарлах нь бий шүү дээ?

-Өнгөрсөн онд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд хохирол учруулах болон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 277 бүртгэгдсэнээс 135 буюу 95,7 хувь нь ахуйн хүрээнд согтуугаар үйлдэгдсэн байгаа бол цаг хугацаагаар нь авч үзэхэд, 22:00-06:00 цагийн хооронд үйлдэгдэж байна. Судалгааны дүнг бодитоор гаргаж, аймгийн удирдлагад танилцуулснаар үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийг сунгах тал дээр тодорхой шийдвэрүүд гарах байх.  Ер нь иргэд соёлтой үйлчлүүлж аль, аль талдаа хариуцлагатай байж хэвшвэл ахуйн хүрээнд согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг буурах нөхцөл бүрдэнэ.

-Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийн талаар ярьж байгаагийнх камержуулалтын ажил ямар шатанд яваа талаар асуумаар байна. Одоогоор хичнээн камер суурилуулаад байгаа вэ?

-Камержуулалтад аймгийн ИТХ-аас 3 тэрбум төгрөг баталж, өнгөрсөн онд 482 камерыг 139 цэгт байршуулсан. Мөн ЦГ-т “Камерын хяналтын дэд төв”-ийг байгуулан ажиллаж байна. Бүрэн камержуулах ажлын бид орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар болон ААНБ-уудтай хамтарч тэдний дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж, ААНБ-уудын 385 камерыг Хяналтын нэгдсэн системдээ холбосон. Хэрлэн сумын 11 багаас гэмт хэрэг, зөрчил их бүртгэгддэг 4-р багийг камержуулах ажлыг бүрэн дуусгасан. Мөн Хэрлэн сумаас санаачилга гаргаж ЦГ-тай хамтран ажилласнаар  4, 7, 8, 9-р багт үйл ажиллагаа явуулж буй сургууль, цэцэрлэгийн орчинд камер суурилуулж “Камерын хяналтын дэд төв”-д холбоод байна. Цаашид Чойбалсан хотын 11 багийн гудамж талбайг бүрэн камержуулж, хяналтын дэд төвд холбохоор төлөвлөж байгаа. Чойбалсан хотын камерууд зөвхөн дүрс бичихээс гадна ухаалаг программ хангамж суурилуулснаар тухайн хүнийг үйл хөдлөл, өмссөн хувцас, биеийн хэлэмжээр таних боломжтой болно. Харин автомашиныг дугаар, марк, өнгөөр нь давтамжтай шүүж гаргаж ирэх учир нийтийн эзэмшил, гудамж талбайд гарах гэмт хэрэг багасаж, илрүүлэлт өснө. Цаашлаад хөдөөгийн 13 сумын камерыг шилэн кабельд холбож Камерын хяналтын дэд төвөөс бүрэн хянах ажлыг 2026 онд хийхээр төлөвлөж байна. Өнөөдрийн байдлаар Цагаан-Овоо, Халх гол, Матад, Сэргэлэн, Хөлөнбуйр, Чойбалсан сумд камержуулалтад төсөв тавьж, нийтийн эзэмшлийн гудамж талбайдаа байршуулж эхлээд байгаа.

Өнгөрсөн онд 482 камерыг 139 цэгт байршуулсан.

ebbc7150-9a33-469b-9568-754812c8774d.jpg

-Хэрлэн сумын 6-р баг, тэр дундаа 24-р байр орчимд архидалт, хөл хөдөлгөөн их байдаг нь ойр орчинд амьдарч байгаа иргэдийн тав тухыг алдагдуулж буй асуудал хөндөгдсөөр олон жилийн нүүр үзэж байгаа. Энэ орчимд ЦГ-аас хэрхэн хяналт тавьдаг вэ?

-Манай байгууллага энэ бүсэд судалгаа хийж, Читийн гудамжийг “Ногоон бүс” болгох ажлыг хэрэгжүүлсэн. Тухайн бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа ААНБ-ын удирдлагуудтай уулзалт хийж, тэдний дэмжлэгээр 32 ширхэг камерыг гудамж талбайд байршуулан “Ногоон гудамж” бий болгож, камерын дэд хяналтын төвөөс хянан ажиллаж байна. Мөн “Шагийн архи худалдаалж байна” гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад их ирдэг. Иймээс цагдаагийн газраас эргүүл, хяналт шалгалтыг дээрх бүсэд тогтмол хийж, зөрчил илэрсэн тохиолдолд хуульд заасан арга хэмжээ авч, таслан зогсоодог. Гэвч энэ нөхцөл байдал үргэлжилсээр байгаа учир бид аймгийн ИТХ-д тодорхой саналуудыг хүргүүлсэн. Тодруулбал, архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг ААНБ-уудын ажиллах цагийг сунгах, зориулагдсан орчинд согтууруулах ундаа хэрэглэх нөхцөл боломжоор хангаж өгөх тал дээр  анхаарч хамтран ажиллах зэрэг саналыг тусгасан. Цагийг хязгаарласнаар хууль бусаар архи, согтууруулах ундаа худалдан борлуулах иргэдийн тоо нэмэгдэж, үүнийг дагаад ахуйн архидалт өсөх, гэмт хэргийн тоо нэмэгдэх сөрөг үр дагавар их бий. Бид цаашид 24 цагийн хөдөлгөөнт эргүүл, эргүүлд гарах алба хаагчдын тоог нэмэх, хяналт тавих цагт өөрчлөлт оруулах зэрэг төлөвлөгөөг гарган ажиллаж байна.

фотооо.jpg

-Зах, худалдааны төвийн ойр орчимд ар гэрийн хараа хяналтгүй, орон гэргүй хүмүүс согтууруулах ундааг их хэмжээгээр хэрэглэх тохиолдлууд элбэг байдаг шүү дээ. Тухайлбал, “Шүр зах”. Тэдгээр иргэдэд Цагдаагийн газраас хяналт тавьдаг байх?

-Эрүүл мэндийн газар, Шүүх шинжилгээний байгууллага зэрэг мэргэжлийн байгууллагуудтай хамтран хараа хяналтгүй, орон гэргүй, худалдааны байгууллага болон орон сууцны гадна сууж архидан согтуурдаг иргэдийг бүртгэлжүүлж, үзлэг шинжилгээ, архинаас гаргах албадан эмчилгээнд хамруулж байна. Мөн санаачлагаараа архинаас гарах эмчилгээ хийлгэх ирдэгийг Зүүн бүсийн төв Шүүх шинжилгээний байгууллагатай хамтран сайн дурын эмчилгээнд хамруулан ажиллаж байна.

-Цагдаагийн дуудлагын 7058-102 дугаарт хоногт хичнээн дуудлага, мэдээлэл бүртгэгдэж байна вэ? Эдгээр дуудлагаас гэр бүлийн хүчирхийлэл хэдэн хувийг эзэлж байгаа бол?

-Цагдаагийн газрын 7058-102 дугаарт хоногт дунджаар 40-50 дуудлага ирдэг. Үүнээс 15-20 нь гэмт хэргийн шинжтэй учир цааш шалгагддаг. 2024 онд манай аймагт зөрчлийн шинжтэй 32602, гэмт хэргийн 1529 гомдол мэдээлэл бүртгэгдсэн нь бусад аймагтай харьцуулахад ихдээ орно. Гэр бүлийн хүчирхийллийн ихэнх тохиолдол мөн л архидалттай холбоотой байдаг. Өнгөрсөн оноос эхлэн энэ төрлийн дуудлага, мэдээллийг нэгдсэн санд бүртгэдэг болсон. Энэ нь тухайн хаяг дээр гэмт хэргийн дуудлагын давтамж ямар байгааг хянах боломжтой. Нэг хүн дээр нэгээс дээш удаа энэ төрлийн гэмт хэрэг бүртгэгдвэл эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

-Зам тээврийн осол өнгөрсөн онд харьцангуй бага гарсан гэж танай тайлан мэдээнд дурдсан байсан. Ер нь осол аваарын шалтгаан нөхцөл юу вэ?

-Зам тээврийн осол урьд жилүүдтэй харьцуулахад бага байсан. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр магистраль зам дагуу алба хаагчид хяналт тавин эргүүлд гарч ажиллаж байна. Тухайлбал, Хөлөнбуйр, Булган суманд байнгын пост, хөдөлгөөнт эргүүл ажиллаж байгаа ч Чойбалсан-Улаанбаатар чиглэлийн автозамд хүний амь хохирсон ноцтой осол бүртгэгдсээр байна. Шалтгаан нөхцөлийг үзэхэд, иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо шөнийн цагаар гэрлээ шилжүүлдэггүйгээс үүдэлтэй. Замын хөдөлгөөнд оролцох үедээ өөрийн болон гэр бүлийнхээ амь насыг дааж байгаа гэдгээ санаж хариуцлагатай, соёлтой байх хэрэгтэй. Мөн аймгийн төв болон хөдөөгийн сумдад архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож хурд хэтрүүлэх, зам тээврийн осолд орж эд хөрөнгө, амь насаараа хохирох тохиолдол элбэг байна. Иргэд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг хатуу мөрдөж ухамсарлаасай гэж энэ ташрамд уриалъя.

-Сүүлийн үед иргэд цахим залиланд өртөх явдал олширсон. Энэ төрлийн гэмт хэргийн шийдвэрлэлт ямар байна вэ?

-Өнгөрсөн онд залилах гэмт хэрэг 77 бүртгэгдэж урд жилээс 40 хувиар өссөн. Урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэд рүү хандсан шторк, яриа таниулга болон хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан сэрэмжлүүлэг мэдээ, цахим орчинд рийл бэлтгэн хүргэх зэрэг ажлуудыг тасралтгүй зохион байгуулж байгаа боловч иргэд аливаад хэрсүү ханддаггүй, гэнэн итгэмтгий зан, амар хялбар аргаар мөнгө олох гэснээс үүдэлтэй энэ төрлийн гэмт хэрэгт өртөх нь хэвээр байна.

Өнгөрсөн онд залилах гэмт хэрэг 77 бүртгэгдэж урд жилээс 40 хувиар өссөн.

-Гарч байгаа гэмт хэргийг илрүүлэх, иргэдийн хохирлыг тогтоож, шийдвэрлэх нь Цагдаагийн байгууллагын гол үүрэг шүү дээ. Тэгэхээр гэмт хэргийн илрүүлэлт Дорнод аймгийн хувьд улсын дунджаас хаахнуур явна вэ?

-Иргэдийн хамгийн их хүлээдэг үр дүн бол хэргийн илрүүлэлт байдаг. Монгол Улсын гэмт хэргийн илрүүлэлт хүрвэл зохих хувь нь 65 хувь. Харин манай Цагдаагийн газар улсын дунджаас 2 хувиар буюу 67 хувь, урд жилээс 4.7 хувиар хэрэг илрүүлэлт өссөн. Хулгайлах гэмт хэргийн дийлэнх нь малын хулгай байна. Энэ төрлийн гэмт хэргийн илрүүлэлт өмнөх оноос 37 хувиар өссөн. Үүнд нэгдсэн арга хэмжээ, хяналт шалгалт, мэргэжлийн ур чадвар мөрдлөгийн ажлууд гэмт хэргийг илрүүлэхэд нөлөөлсөн гэж хэлж болно.

-За баярлалаа. Амжилт хүсье.

Монгол Улсын гэмт хэргийн илрүүлэлт хүрвэл зохих хувь нь 65 хувь. Харин манай Цагдаагийн газар улсын дунджаас 2 хувиар буюу 67 хувь, урд жилээс 4.7 хувиар хэрэг илрүүлэлт өссөн.

“Taliinanir.mn” сайтын эрхлэгч, сэтгүүлч Т.Туяацэцэг

Сэтгэгдэл бичих:

Илгээх