Ярилцаж суухад ний нуугүй яриа дэлгэж, хурц асуултад ч элдэв эмзэглэлгүй хариулт өгдөг ярилцагчдын маань нэг Шүхэртийн Ёл байсаар ирсэн. Тэрээр Дорнод аймгийн Засаг даргын үүрэгт ажлыг хүлээж аваад хоёр сарын хугацаа өнгөрч байна. Ингээд бидний ээлжит ярилцлагад Таныг урья.
-Та Дорнодын нам улс төрийн удирдах албан тушаалд шинэ хүн биш. Засаг даргын орлогчоор найман жил ажилласан туршлага, яг одоо 85 мянган хүн амтай аймгийг удирдахад Танд хэр хол зөрүүтэй санагдаж байх юм?
-ИТХ-ын дарга, Засаг дарга, Засаг даргын орлогч бол тухайн аймаг орон нутгийг удирдах түвшний гурван албан тушаалтан. Аймгийн Засаг дарга бол аймгийн төсвийн ерөнхийлөн захирагч учраас асуудлыг эрэмбэлж эцсийн шийдвэр гаргадаг өндөр хариуцлагатай албан тушаал, Засаг даргын орлогч бол Засаг даргын бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд төлөвлөгдсөн ажлуудыг гардан зохион байгуулж, ажлын хэсгүүдийг ахалж ажилладаг. Харин одоо Дорнод аймгийн цаашдын хөгжлийг энэ цаг үед тодорхойлох, 85 мянган иргэний өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдэх нь Засаг даргын ажлын төлөвлөлт, хэрэгжилтээс хамаарах учраас надад маш том хариуцлага ирээд байна.
-Аймгийн ИТХ-д Монгол ардын намын нэр дэвшигчид цөөн суудлын зөрүүтэй сонгогдон олонхийг бүрдүүлж, Хэрлэн сум болон хөдөөгийн зарим суманд Ардчилсан нам засаг барьж буй онцлог цаг үед Та Дорнод аймгийг удирдах гэж байна. Нам улс төрийн амьдралд олон жил явж ирсэн хүний хувьд нөхцөл байдлыг хэрхэн үнэлж байгаа вэ?
-Аль нэг нам эвслийн асуудал гэхээс илүү энэ аймгийн эрх ашиг гэж маш чухал юм бий. Энэ удаагийн орон нутгийн сонгуулиар Чойбалсан хотын иргэд өмнөх дөрвөн жилд тулгамдаж ирсэн асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэж ажилласанд дүн тавьж, цаашид хотын хөгжлийг өөрөөр тодорхойлох хүсэл сонирхлын үүднээс шинэчлэлт хийсэн гэж харж байгаа. Улс төрийн хоёр нам аймагтаа олонхийг бүрдүүлж байна. Аймгийн ИТХ-д МАН олонх болж сонгогдсон нь ард олон бидэнд эхлүүлсэн ажлаа дуусгах боломж итгэлийг өгсөн гэж би хувьдаа боддог. Тиймээс бид ард иргэдийнхээ сонголтыг хүндэтгэж, Хэрлэн сумын ИТХ-тайгаа хамтран хотын хэмжээнд тулгамдаж буй олон асуудлыг шийдэж ажиллах ёстой. Нутгийн хөгжлийн төлөө ажил асуудалд хоёр намын улс төрийн өнцгөөс хандах бус хамтарч ажиллана гэсэн байр суурьтай байгаа. Хуулийн хүрээнд сонгогдоод ирсэн Засаг дарга нарыг би бүгдийг нь томилж, Сумандаа битгий улс төржөөрэй, иргэдийнхээ сонголтыг хүндэтгэж, нутаг орныхоо төлөө ажиллаарай гэдгийг ч онцолж захисан. Ер нь Монгол ардын нам ч бай, Ардчилсан нам ч бай эцсийн зорилго нь энэ аймгийн тулгамдсан асуудлыг шийдэхийн төлөө тус тусын мөрийн хөтөлбөрийг боловсруулж дэвшүүлэн тавьж байгаа шүү дээ. Агуулгын хувьд адил, хэлбэрийн хувьд өөр гэж хэлж болох юм. Та бүгд нийлж хамтраад орон нутгаа хөгжүүл гэсэн үүрэг даалгаврыг ард олон бидэнд өгсөн учраас “Аль нам нь засаглах вэ гэдгээс илүү Дорнод аймагт энэ хугацаанд ямар эерэг өөрчлөлт гарах вэ гэдэг л чухал байна.”
Сумандаа битгий улс төржөөрэй, иргэдийнхээ сонголтыг хүндэтгэж, нутаг орныхоо төлөө ажиллаарай гэдгийг ч онцолж захисан
-Гэтэл оны өмнөхөн төсөв хэлэлцэх үеэр Хэрлэн сумын 17 тэрбумыг аймаг татаад авчихаж байгаа нь улс төржсөн шийдвэр гэсэн шүүмжлэл өрнөсөн. Хэрлэн сумын ИТХ-ын зарим төлөөлөгч ч энэ тал дээр байр сууриа илэрхийлж харагдана лээ?
- Төсвийн тухай хуульд зааснаар Сангийн яам Дорнод аймгийн төсвийг нийтэд нь нэгдсэн байдлаар хянаж баталдаг. Улсын төсвийн доод шатны төсөв нь аймгийн төсөв, аймгийн төсвийн доод шатны төсөв нь сумын төсөв гэж заасан байдаг. Нарийвчилж тайлбарлавал Сангийн яам төсвийн орлого, зардлыг аймаг гэсэн нэг багцаар хянадаг гэсэн үг. Эндээс л Хэрлэн сумтай холбоотой асуудал үүсэж байгаа юм. Аймгийн төсвийн тэнцлийн ашиг нь бүх сумын нийт орлого нийт зарлагын зөрүүгээр тооцогдож ирнэ. Тэр нь 2025 онд манайд 1.4 тэрбум төгрөг. Хэрлэн сумын хувьд төсвийн орлого, зардлын зөрүү нь 18 тэрбум төгрөг гэвэл Төсвийн тухай хуулийн 56 дугаар зүйлд зааснаар тооцоход 4 тэрбумыг төсөвт нь үлдээхээр байгаа юм. Аймгийн нийт ашиг 1 байхад Хэрлэн суманд яаж 4 тэрбумыг өгөх вэ? гэдэг асуудал үүссэн. 2024 онд манай аймгийн төсвийн ашиг 8 тэрбум байсан болохоор асуудал үүсээгүй. Бүх аймагт энэ асуудал байгаа. Хэрлэн сумын төсвийн орлогын ихэнх хэсгийг хувь хүний орлогын албан татварын орлого бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл Баяндун суманд амьдарч байгаа иргэдийн цалин хөлснөөс суутгасан татвар Баяндун сумын төсөвтөө, аймгийн төвд байгаа бүх хүний цалингаас суутгасан татвар Хэрлэн сумын төсөвтөө ордог гэсэн үг. Харин аймгийн төвд ажиллаж байгаа төрийн албан хаагчдад олгож байгаа орон нутгийн төсөвт байгууллагын ажилтнуудын цалин, орон нутгийн нэмэгдэл, улсын төсвийн байгууллагын албан хаагчдад олгож байгаа орон нутгийн нэмэгдэл бүгд аймгийн төсвөөс олгогдож байгаа. Хэрлэн сумын иргэд чинь аймгийн иргэд шүү дээ. Хэрлэн сум гэсэн тусдаа аймаг байхгүй. Тэгэхээр аймгийн төсвөөр хэрэгжүүлж байгаа хөрөнгө оруулалтын болон хөрөнгө оруулалтын бус төсөл, хөтөлбөр, арга хэмжээ ч Хэрлэн сумын иргэдэд зориулагдаж л байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл сумдад төсөв хувиарлах үйл ажиллагаа тодорхой хууль журмын дагуу хийгддэг учир, улсаас хянаж ирсэн суурь орлого, зардлыг бид дур мэдэн өөрчлөх эрх хязгаарлагдмал. Аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэс энэ хувиарлалтыг хийдэг ч угтаа аймгийн нийт дүнгээр хянаад ирсэн төсвийг л хувиарласан юм. Аймгийн 2024 оны төсөв алдагдалтай гарсан. Тодруулбал, аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас 8 тэрбум төгрөгийг төлөвлөснөөс 6.7 тэрбум төгрөг нь улсаас хувиарлагдах мөнгөн дүнгээр орж ирсэн, газрын дуудлага худалдааны орлогыг 700 гаруй сая төгрөгөөр төлөвлөсөн дүнгээр тасарсан. Энэ бол гүйцэтгэлээрээ гарч байгаа алдагдал. Төлөвлөсөн хэмжээнд бол манай 2024 оны төсөв 8 тэрбум төгрөгийн ашигтай байхаар тооцсон энэ нь буурсан гэсэн үг. Гэсэн ч хуулиар баталсан учир бид улсад төвлөрүүлэх орлогоо 8 тэрбум төгрөгөөсөө тооцож төвлөрүүлсэн. Тэгэхээр Хэрлэн сумын суурь зарлагыг бууруулсан асуудал байхгүй. Хэрлэн сумын удирдлага тэнцлийн ашгаас хувиарлаж байгаа дүнг бууруулсан гэдэг асуудлыг тухайн үед тавьсан юм. Аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсээс Хэрлэн суманд хянаж өгсөн суурь зарлага, одоо 2025 онд хянахаар төлөвлөсөн байгаа суурь зарлагын зөрүүгээр ярьж байгаа. Хөрөнгийн болон суурь зарлага гэдэг чинь ялгаатай асуудал шүү дээ. Хэрлэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн олонх нь шинэ, залуу төлөөлөгчид байгаа учраас Төсвийн тухай хууль, журмыг сайтар мэдэхгүй, буруу ойлголт авсан байх. Асуудалд улс төржөөгүй гэдгийг ойлгохыг хүсье.
Аймгийн 2024 оны төсөв алдагдалтай гарсан. Тодруулбал, аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас 8 тэрбум төгрөгийг төлөвлөснөөс 6.7 тэрбум төгрөг нь улсаас хувиарлагдах мөнгөн дүнгээр орж ирсэн, газрын дуудлага худалдааны орлогыг 700 гаруй сая төгрөгөөр төлөвлөсөн дүнгээр тасарсан. Энэ бол гүйцэтгэлээрээ гарч байгаа алдагдал.
-Та Дорнод аймгийн Засаг даргын үүрэгт ажлыг хүлээж аваад хоёр сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд сумдын Засаг дарга нарыг томилох, төсөв хэлэлцэх, өвөлжилтийн бэлтгэл гээд цаг үеийн олон ажилтай шууд тулаад орчих шиг боллоо. Бүх сум багаар тойрч уулзалт хийлээ. Аймгийн ажил ахуй хэр жигдэрч байна вэ?
-Одоогоор өвөлжилтийн бэлтгэл ажилд хүндрэлтэй зүйл алга. Энэ өвөл цас бага, зарим газраар харын зуд нүүрлэж магадгүй байна. Хаваржилт хүндэрч болзошгүй тул бэлтгэл хангаж байна. Төсвийн хувьд, аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн сүүлийн жил таарсан учраас шинэ хөрөнгө оруулалт бага, өмнө эхлүүлсэн ажлуудаа дуусгахад голчлон анхаарсан ийм онцлогтой төсөв батлагдлаа. Өөрөөр хэлбэл, өмнөх дөрвөн жилд хийсэн ажлыг дуусгахыг зорьж, он дамжсан ажлуудыг голчлон анхаарч тусгасан ийм онцлогтой төсөв батлагдсан. Энэ онд автозамын дотоод сүлжээг бүрэн засварлаж дуусгана. Мөн найман суманд төрийн алба хаагчийн орон сууцыг ашиглалтад оруулж, аймгийн дэд бүтэц буюу инженер, дулааны шугам сүлжээ, хотыг бүрэн камержуулах ажлууд үргэлжилнэ. Сургууль цэцэрлэгүүдэд 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил, Эрүүл мэндийн салбарт шаардлагатай тоног төхөөрөмж болон хөдөө аж ахуйн салбарт хэрэгжих төслүүд, улсын төсвөөр санхүүжих ажлуудыг хийхээр тусгасан. Өмнөх дөрвөн жилд тулгамдсан асуудлуудаа харьцангуй шийдвэрлэсэн гэж хэлж болно. Тухайлбал, Чойбалсан хот доторх авто зам, дэд бүтцийн ажлууд болох дулаан, инженерийн шугам сүлжээ, цахилгаан станцын өргөтгөл ашиглалтад орсон гээд олон ажил өрнөж байна. Цаашид иргэдэд нэн тулгамдаж байгаа асуудал болох гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийж, 1800 айлын орон сууц буюу шинэ суурьшлын бүсийн ажлыг 2026 онд бүрэн дуусгаснаар залуу гэр бүлүүд орон сууцанд орох боломж бүрдэнэ. Миний хувьд 2024-2028 оны Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг ирэх сард аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар оруулж батлуулна. Энэ бол дараагийн дөрвөн жилд хийгдэх ажлууд гэж ойлгож болно. Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг Дорнод аймгийн нийт иргэд, төрийн болон төрийн бус байгууллагуудын саналд үндэслэж боловсруулдаг учраас үе шаттай уулзалтуудыг хийж, байр суурийг нь сонсож, хөтөлбөртөө тусгахыг зорьж байна.
-Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй урт хугацааны хөгжлийн хөтөлбөрүүдийн хэрэгжилт манай аймагт ямар байна? Ирэх жилүүдэд Зүүн бүсийн хөгжилд Дорнод аймгийн гүйцэтгэх үүрэг, ирээдүйд оруулах хувь нэмрийг Та хэрхэн харж байгаа вэ?
-Манай аймаг төвийн бүсээс алслагдсан ч дэд бүтэц сайтай. Энэ давуу талдаа түшиглэн хөрөнгө оруулалтуудыг хийж ирсэн. Энэ нь эдийн засгийн өсөлтөд шууд нөлөөлөхгүй ч эдийн засаг, нийгмийн хэрэгцээ шаардлагыг хангахад чиглэсэн үйл ажиллагааг жигд хөгжүүлэх гол холбоос болдог гэж хэлж болно. Бид үндсэн нэг бодлогыг эхэнд зөв эрэмбэлж хөгжүүлснээр бусад салбар дагаад хөгжих боломжтой гэж үзэж эдийн засгийн бодлогыг эхэндээ эрэмбэлж байгаа юм. Түүн дотроо аялал жуулчлалын бодлогыг нэн тэргүүнд онцолж байна. Энэ нь бүс нутгийн байршил болоод боломж, чадварт маань илүү дөхөм байсан. Монгол Улсын Засгийн газраас бүсчилсэн хөгжлийг дэмжих татвар, төсвийн бодлогыг хэрэгжүүлэх, хүний эрх, засаглалыг сайжруулах зэрэг эрх зүйн 14 реформыг хийж, эдийн засгийн суурийг тэлж, хөгжлийг эрчимжүүлэхийн тулд 14 мега төслийг хэрэгжүүлэхээр болсныг та мэдэж байгаа байх. Засгийн газраас Зүүн бүсийг "Түүхэн аялал жуулчлалын төрөлжсөн бүс бөгөөд эрчимжсэн хөдөө аж ахуйн дэд бүс" болгож, энэ хүрээнд “Бурхан халдун, Дэлүүн болдог, Буйр нуур, Халх гол, Алтан-Овоо гэсэн маршрутаар түүхэн аялал жуулчлалын газар нутгийг дэд бүтцээр холбох, усан боомт болон олон улсын 4C нисэх буудал байгуулж, хөдөө аж ахуйн экспортыг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлнэ, үйлдвэрлэл, технологийн паркийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна” гэж тусгасан байгаа.
Энэ бодлогын хүрээнд Хавирга-Чойбалсан чиглэлийн авто зам, Ульхан-Баян-Уул, Баян-Уул-Норовлин чиглэлийн авто замын ажлууд эхлээд хийгдсэн бол ирэх жилүүдэд Чойбалсан-Халх гол чиглэлийн авто зам, Халх гол, Буйр нуурт 80 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий 4С олон улсын нисэх буудал барих, Чойбалсан хотын нисэх буудлыг 4С нисэх онгоцны буудал болгох ажлууд эхлэх төлөвлөгөөтэй байгаа. Түүнчлэн Зүүн бүсийн дотоодын нийт бүтээгдэхүүний 42.4 хувийг хөдөө аж ахуйн салбар, 24.1 хувийг аж үйлдвэр, барилга, 28.6 хувийг үйлчилгээний салбар эзэлдэг нь ХАА-н салбар манай зүүн бүсийн хөгжилд чухал нөлөөтэйг илтгэж байгаа юм. Зүүн бүсийн эдийн засагт хөдөө аж ахуйн салбарын эзэлж байгаа хувийн жин улсын дунджаас хоёр дахин их байна шүү дээ. Тухайлбал, зүүн бүс нутаг 286 мянган кв.км нутаг дэвсгэртэй, 11 сая толгой малтай, 26 мянган малчин өрхтэй, 2023 оны жилийн эцсээр улсын нийт малын 17.6 хувь нь ногдож байсан, нийт мах бэлтгэлийн 20 орчим хувийг бэлтгэж байна. Тэр дундаа адуу, үхрийн мах бэлтгэх нөөц, бололцоо харьцангуй их. Мал аж ахуйн энэхүү нөөцийг ашиглаж, хөрш улс орныхоо хил орчмын нутгийн хүн амын хүнсний хэрэгцээг хангах чиглэлийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх боломжтой гэж харж байгаа. Тэр хэрээрээ мал аж ахуйн салбар хүн амын дийлэнх хэсгийн амьжиргааны эх үүсвэр болж байна.
-Мал аж ахуй, ХАА-н салбарыг хөгжүүлэх хамгийн боломжит бүс нутаг хэдий ч нөгөө талаараа олон зуун мянган малын хөлд дарагдаж, бэлчээрийн даац хэтрэх эрсдэл нүүрлэж байна. Энэ асуудалд аймаг хэрхэн анхаарах вэ?
-Тийм ээ, манай аймаг зарим хэсгээрээ бэлчээрийн доройтол, цөлжилтөд өртөж болзошгүй байна. Энэ эрсдэлээс хамгаалахын тулд малын хөлийн татварын бодлогоор бэлчээр хөрсөө хамгаалж авч үлдэнэ гэж тооцоолж байна. Бэлчээрийн доройтолд өртөж буй бүс нутагт татварын хувь хэмжээг өндөр, харин бусад бүс нутагт уян хатан татварын бодлого баримтална. Зүүн бүс нутагт 100 га бэлчээрт 37 толгой мал ногдож байгаа нь улсын дунджаас 9 толгойгоор, бэлчээрийн даацаар байвал зохих малын тооноос 2 дахин цөөн байгаа. Зүүн бүсийн бэлчээрийн хангамж манай улсын бусад бүстэй харьцуулахад 50 орчим хувиар илүү. Мөн энэ бүс өндөр ашиг шимтэй нутгийн шилмэл омгийн малын удам сайтай. Зүүн бүс нутаг бэлчээрийн био бүтээмжээр бусад бүстэй харьцуулахад 50 гаруй хувиар дээгүүр байна.
-Уул уурхайн салбарт ямар бодлого баримталж ажиллах вэ? Бичил уул уурхайг дэмжих үү?
-Аймгийн ИТХ-аар “Бичил уул уурхайгүй аймаг болно” гэсэн бодлогын баримт бичиг гаргасан шүү дээ. Засаг дарга миний бие хурлын энэхүү шийдвэрийг хэрэгжүүлж ажиллах үүрэгтэй хүн.
-Өмнөх арав гаруй жилд Дорнод аймагт М.Бадамсүрэн дарга тогтвортой засаглах явцад бүх эрх мэдэл, шийдвэр гаргалт нэг хүнээс хэтэрхий хамааралтай болж ирсэн гэж би боддог. Тэр хэрээр төрийн ажил гацдаг, шийдвэр хүлээгээд суучихдаг байдал өмнө жилүүдэд ажиглагддаг байсан. Та энэ арга барилыг халах уу?
-Би Засаг даргын орлогчоор ажиллаж байсны хувьд нэг хүнээс хамааралтай явж ирсэн гэдэгтэй санал нийлэхгүй. Харин ч олон хүнтэй зөвлөлдөж байж эцсийн шийдвэрийг өөрөө гаргадаг байсан нь гаднаасаа тэгж харагдсан байж болох. Олонх аль нь зөв гэж үзэж байна, тэр талдаа шийдвэр гаргадаг байсан. Өмнөх Засаг дарга ажлаа маш сайн мэддэг, салбарын дарга нартайгаа зөвшилцөж төлөвлөж шийдвэр гарган, өөрөө бүгдийг хариуцдаг байсан. Миний хувьд, агентлаг хэлтсийн дарга нарт салбарын хүрээндээ шийдвэр гаргах эрх мэдлийг нь өгч, оролцоог хангаж ажиллая гэж бодож байгаа. Харин эрх мэдлийг нь өгөөд байхад санаачилга гаргахгүй бол цаашид хамтарч ажиллах боломжгүй. Мэдээж шаардлагатай асуудал дээр зөвлөлдөнө, үүрэг чиглэл өгнө. Энэ бол хурдан хэвших зүйл биш. Гэхдээ ийм тогтолцоо руу орохоос өөр сонголтгүй. Миний хувьд салбар бүрийг удирдаж байгаа дарга, мэргэжилтнүүдийн саналыг хүлээн авч багаараа ажиллана.
Миний хувьд, агентлаг хэлтсийн дарга нарт салбарын хүрээндээ шийдвэр гаргах эрх мэдлийг нь өгч, оролцоог хангаж ажиллая гэж бодож байгаа. Харин эрх мэдлийг нь өгөөд байхад санаачилга гаргахгүй бол цаашид хамтарч ажиллах боломжгүй.
-Та орлогчоороо Ч.Ганбатыг, зөвлөхөөрөө өмнөх ИТХ-ын дарга М.Энхтөрийг томилсон нь нам дотроо эв эеийг сахих гэснийх үү?
-Үгүй, үгүй. Надад туршлагатай хүн хэрэгтэй. Ирэх дөрвөн жилд Монгол Улсын Засгийн газраас томоохон төслүүдийг хэрэгжүүлж эхэлнэ. Бид бүс нутгийн хэмжээнд тэргүүлэх байр суурь эзэлдэг аймгийн хувьд, бодлого тодорхойлоход, орон нутгийн хөгжилд ашигтай саналыг авахын тулд багаараа туршлагатай байх шаардлагатай. Тиймээс үр дүн гаргаж чадах багийг бүрдүүлсэн.
-Манай аймгийн ИТХ-ын даргыг шууд дээрээс томилсон нь нутгийн өөрөө удирдах эрхэд халдаж буй хэрэг гэж тухайн үед яригдаж байсан. Та хоёр хэр гар нийлэх янзтай байна даа?
-Манай Г.Цолмон дарга төрийн албанд меррит зарчмаар олон жил ажилласан туршлагатай хүн. Тэр утгаараа бид аймаг орон нутгийнхаа төлөө гар сэтгэл нийлэн ажиллаж байгаа.
-Орон нутгийн сонгуулийн өмнөхөн МАН аймгийн Засаг даргаар Б.Бат-Эрдэнийг томилсны дараа хоёул ярилцаж байсан. “Энэ намд төдийгөөс өдийг хүртэл зүтгэчихээд гомдохгүй байна уу” гэж асуухад “Улс төрч хүн ямар ч өөрчлөлт, нөхцөл байдалд бэлэн байх ёстой” гэж Та хариулсан. Таны тэр үг надад дэндүү хүлцэнгүй санагдаж байсан л даа, уучлаарай. Та ер нь зөөлөн хүн үү?
-Зөөлөн байх юманд хатуу хөтүү хандахыг хүсдэггүй. Хатуу байх зүйлд зөөлөн байж бас болохгүй. Тухайн нөхцөл байдлаас шалтгаалж шийдвэр гаргана шүү дээ. Олон жил улс төрийн байгууллагад ажилласных ч байх, наанатай цаанатай бодохыг хичээдэг. Ялангуяа удирдах түвшинд ажиллаж байгаа хүн уян хатан, мэдрэмжтэй байх хэрэгтэй л дээ. Аймгийн Засаг даргаар томилогдсоны тухайд бол улс төрийн сонгуулийн дараах үр дүн нөхцөл байдлыг өөрчилсөн гэж хэлж болно. Б.Бат-Эрдэнэ төлөөлөгч маань эрүүл мэндийн шалтгаанаар үргэлжлүүлэн ажиллах боломжгүйгээ илэрхийлсэн. Манай намаас “Илүү туршлагатай нь Та байна аа” гээд энэ хариуцлагатай албанд дэвшүүлсэн. Маш том хариуцлага надад оногдсон. Ер нь шийдвэр гаргаж байгаа хүнээс хүн нэг л юм хүлээдэг. Тэр нь юу вэ гэхээр шударга байна уу гэдгийг л хардаг шүү дээ. Удирдах албан тушаалтан хатуу, зөөлөн байхаас илүү шударга голчтой байх л чухал гэж боддог доо.
Зөөлөн байх юманд хатуу хөтүү хандахыг хүсдэггүй. Хатуу байх зүйлд зөөлөн байж бас болохгүй. Тухайн нөхцөл байдлаас шалтгаалж шийдвэр гаргана шүү дээ.
-Аймгийн Засаг даргын хувьд 85 мянган иргэний өмнө Таны гэр бүл, эрүүл мэнд гээд бүх зүйл тань нээлттэй байх шаардлагатай болно. Та ажил албан дээр нээлттэй хэр нь амьдрал ахуй, хувь хүн талаа тийм ч ил гаргаад байдаг хүн биш шиг харагддаг?
-Би эгэл жирийн гэр бүлд төрж өссөн айлын том хүү. Аав ээж хоёр минь жолооч улсууд. Зах зээлийн тэр ороо бусгаа хүнд үед аав ээж хоёр маань биднийг боловсролын зах зухтай болгож өгсөнд баярлаж явдаг даа. Байгаадаа сэтгэл хангалуун, эд зүйлд шунал уналгүй, шударга зарчимтай, хөдөлмөрч гэр бүлд өсөж хүмүүжсэн. Гэргий маань ч мөн адил Налайхын эгэл жирийн айлын том охин. Хүү маань МУИС-ийн оюутан. Товчхондоо ийм.
-Манай сонин хэсэг завсарласны эцэст 80 жилийн ойн босгон дээрээ шинэ редакц, өнгө төрх, нийтлэлийн бодлоготойгоор ажлаа эхлүүлж, шинэ оны эхний дугаартаа Тантай ярилцсандаа таатай байна. Урилга хүлээж авсанд баярлалаа.
-“Дөл” сонины түүх, тэр нэг хуучны хэв маяг миний сэтгэлд их ойр явдаг. Аливаа зүйлд залгамж халаа гэж бий. Энэ цаг үед дайны фронтод гарч байсан түүхтэй сониныг залгамжлан авч, шинэ түүхийг нь бүтээж буй Та бүхэнд амжилт хүсье.
-Баярлалаа. Амжилт хүсье.