Б.БАТХҮҮ: Баяндун сум цаашид аялал жуулчлалын салбараа хөгжүүлэхээр зорьж байна

2025-02-20

Дорнод аймгийн Баяндун сумын түүхт 100 жилийн энэ онд ой тохиож байна. Тус сум бол Монгол Улсыг НҮБ-д элсүүлэх бүрэн эрхт төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг тэргүүлж байсан түүхт хүн, гавьяат багш, дипломатч Д.Цэвэгмид, дэслэгч генерал Б.Цэдэн-Иш, Ардын зураач О.Цэвэгжав, Төрийн шагналт зураач Д.Чойдог нарын эрдэмтэн мэргэдийн өлгий нутаг юм.

Түүхт ойн бэлтгэл ажил болон "Тэрбум мод" үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт, уул уурхайн асуудлуудын хүрээнд Баяндун сумын Засаг дарга Б.Батхүүтэй ярилцлаа.

-Танай сум энэ оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Тухайлбал, ямар томоохон ажлууд төлөвлөж байна вэ?

-Түүхт 100 жилийн ой болох учраас бүтээн байгуулалтын болон бусад гол ажлуудаа үүнд чиглүүлж байна. 11 дүгээр сард хорооллуудын дундах замуудад шинэ трас тавих, сайжруулсан шороон замаар холбох ажлын суурийг тавьсан. Одоо харин 6 дугаар сарын 2-10-ны хооронд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн ААН-үүдийнхээ оролцоотойгоор, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар замын асуудлаа нэг мөр шийдэхийг зорьж байна. Замаа сууриар нь шийдчихвэл байнгын арчилгаатай байлгах тал дээр анхаарна. Тэр ч үүднээс энэ чиглэлийг хариуцсан ОНӨҮГ байгуулж, орон тоог нь батлаад, техник хэрэгслээр хангах ажлуудыг төсөвтөө тусгасан. Бид замын асуудлыг шийдэхдээ хямд төсөр аргаар, зорчих хэсэг нь хатуу хучилттай хийх шинэ технологи нэвтрүүлж байгаа. Нэг км газарт 80 см-ийн өргөнтэй, 6-12 м-ийн урттай, арматуран раамтай, угсардаг хавтангуудыг зорчих хэсэг нь газрын гадаргатай тэнцүү байхаар цутгана.

photo_2025-02-17_19-09-31.jpg

-Зардал нь хэр өндөр гарч байгаа вэ? Газарт хэрхэн бэхлэх талаар сонирхуулна уу?

-10 гаруй сая төгрөг зарцуулж байгаа. 20 см-ийн зузаантай цементэн бетон хавтан угсарч цутгаад түүнийг доош нь хөрсийг нь ухаж, 80 см-ийн урттай хоёр шонтойгоор суулгана. Хэрэв энэ ажил маань үр дүнтэй болвол ирэх жил замаа хоёр урсгалтай болгоно. Манай сумын ААН энэ патентыг авсан юм.

-Улзын гол дээгүүрх гүүр нэлээд муудсан гэж нутгийнхан ярих юм билээ. Удахгүй урин цаг наашилж, гол ус гэсэж эхлэх нь дээ?

-Улзын гол дээгүүрх хоёр гүүрийн нэг нь нураад унасан, нөгөө нь нэлээд хотойчихсон байгаа. Дөрөвдүгээр сар гээд газар гэсэж, гол ус урсаад эхлэхээр гүүрээр зорчих асуудал гарч ирэх учраас энэ сарын 17-ноос Улзын гол дээгүүр 12-20 метрийн урттай, 100 хувь төмөр хийцлэлтэй гүүр угсрах ажлыг эхлүүлж байгаа. Суурь тулгуурын өрөмдлөгийн ажил эхэлж байгаа гэж ойлгож болно. ОНХС дээрээ тодорхой материалын зардлыг тавиад, үлдэгдэл санхүүжилтийн ажлыг нийгмийн хариуцлагын хүрээнд уул уурхайн ААН-үүд хийж өгөхөөр болсон. Ийм байдлаар сумын хэмжээнд дөрвөн гол зам дээр гурван төмөр хийцлэлтэй гүүр, нэг даацын төмөр бетон гүүр тавина. Мөн Өлийн давааны замыг засах, зорчих хэсгийг сайжруулахаар төлөвлөсөн. Сумын төвийн зам засвартай холбогдуулаад инженерийн тооцоололтой үерийн ус зайлуулах шугам шуудууны ажлууд бас байна.

 

-Танай суманд “Тэрбум” мод үндэсний хөтөлбөрийн хэрэгжилт хэр байна вэ? Энэ чиглэлээр ямар ажил төлөвлөж байна?

-“Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн үр дүнг ахиулах зорилгоор гурав, дөрөв, тавдугаар сард мод тарих, модны хөрс бэлдэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх технологийн сургалтуудыг хийхээр төлөвлөж байна. Эхний ээлжид сум орон нутагтаа мод тарьж байгаа хүмүүсээр, дараагийн удаад мэргэжлийн багш нарыг урьж сургалт явуулахаар төлөвлөсөн. Харин тавдугаар сард айл бүрийн хашаан дахь ногоон байгууламжийн төлөвлөлтийг өөрсөдтэй нь зөвшилцөж хийгээд нэгдсэн зохион байгуулалтаар гоёлын болон жимсний модыг үржлийн аж ахуйгаас захиалгаар авчирч тарина. Замаа дагуулсан модот зурвасыг хийх юм. Хөрш зэргэлдээ Баян-Уул сум ойн ангитай учраас тус сумын Засаг даргатай хамтран ажиллах тал дээр ярилцаж байгаа. Ногоон байгууламжийн ажилд 300-гаад сая төгрөгийн санхүүжилтийг төсөвтөө тусгаад байна. Мөн 100 жилийн ойн хүрээнд Наадмын талбайг шинэчлэн өргөтгөх зорилгоор иргэдийн санал санаачилга, хандив тусламжийг өрнүүлээд явж байна. Зураг төсөв маань энэ сарын 20-нд багтаад дуусна.

 

-Танай сум “Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-гүй үлдсэн цөөн сумдын нэг юм билээ. Хөдөөгийн сумд ирээдүйн хөгжлөө тун эмх цэгцтэй, мэргэжлийн түвшинд, том зургаар нь харах болж?

-Сая бид Улаанбаатар хотод томилолтоор ажиллахдаа 2013, 2014 оны үед сумын хөгжлийн төлөвлөгөөний зураг төсвийг гаргах захиалга аваад сураг алдарсан тухайн компанитай холбогдсон. Энэ сардаа манай төлөвлөгөөг гаргаж өгөөч гэдэг санал тавьсан. Тэр асуудал ямартаа ч нэг мөр болох байх. Ер нь бид сумын ИТХ-аар газрын асуудлаа шийдүүлчих юм бол жишиг хороолол барих төлөвлөгөөтэй, энэ талаар барилгын компанитай ярьж байна.

Хувийн хэвшлийн оролцоотойгоор, төсөвт өртгийг нь хамгийн боломжит бага хувилбараар, бохир болон цэвэр усны шийдэлтэй байх талаар ярилцаж байна. Энэ жилдээ “Сум хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-тэй болчих юм бол ирэх онд нэгдсэн халаалтын системдээ анхаарах учраас сая зураг төсвийг нь гаргуулсан. Үерийн ус зайлуулах шугам шуудууны зургийг мөн хийлгээд дуусаж байна. Баян-Уулаас Баяндунгийн хоорондох 60 км хатуу хучилттай авто замын зураг төсвийг улсын төсөвт суулгах талаар тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүдэд хандаж, хүсэлтээ өгсөн. Болж өгвөл энэ жилдээ зураг төсвөө хөөцөлдөөд, болохгүй бол 2026 оны төсөвт зураг төсвийн ажлаа суулгахыг бодно доо. Манай сумын ЕБС-ийн спорт заал шаардлага хангахаа болиод удаж байгаа учир шинэ спорт заалны зураг төсвийг мөн гаргаад дуусаж байгаа. Энэ зураг төсвөө Барилга хот байгуулалтын яаманд 6 дугаар сарын 1-нээс өмнө бэлэн болгоод өгчихвөл ирэх жилийн багц руу оруулах боломж бас байна. Ийм ажлуудыг улсын төсөвт оруулахаар хөөцөлдөж байна.

 

-Түүхт 100 жилийн ойн бэлтгэл ажил хэдэн хувьтай үргэлжилж байна вэ?

-Ойн хүрээнд эрийн  гурван наадмын бай шагнал, бусад ой угтсан засвар үйлчилгээ, наадмын талбай, хогийн цэгт оновчтой шийдэл нэвтрүүлэх, ногоон байгууламж гэхчлэн шинэ бүтээн байгуулалттай холбоотой ажлуудыг заавал хийх ёстой гэж үзээд 750 сая төгрөг төсөвлөөд байна. Одоогийн байдлаар 300 орчим сая төгрөг босгож, ивээн тэтгэгчдийг олсон. Энэ сардаа амжаад татан төвлөрүүлэх ажлыг зохион байгуулаад явж байна. Үлдсэн санхүүжилтийг хэрхэн босгох талаар бид бүхэн ярилцаж төлөвлөж байна.

 

-Танай суманд төрийн алба хаагчийн хүрэлцээ хэр байна вэ?

-Төрийн алба хаагчийн хүрэлцээ ихээхэн дутагдалтай. Төрийн захиргааны байгууллагад л гэхэд байгаль орчны улсын байцаагч, мал эмнэлгийн улсын байцаагч гэхчлэн 8-9 сул орон тоо байна. Тиймээс хүмүүсээ Төрийн албаны шалгалтад урьдчилж бэлдэх ажлыг зохион байгуулах тал дээр анхаарч байна.

 

-Саяхан зохион байгуулсан уул уурхайн хэлэлцүүлгээс ямар үр дүн гарав? Танай сум байгалийн баялагтай, тэр замбараагүй уул уурхайн хөлд сүйдсэн дүр зургууд харагддаг. Та шинэ Засаг даргын хувьд энэ асуудалд хэрхэн хандаж байгаа вэ?

-Манай суманд 19 хайгуулын лиценз байгаагаас 13 нь давхцалтай байна. Энэ давхцалтай уул уурхайн лицензүүдийг цуцлуулах тал дээр арга хэмжээ авч ажиллахаар төлөвлөж байгаа. Дээр дурдсан 13 дотор 19 булаг ус бий. Зарим талбай дээр 3-4 булаг давхацчихсан байх жишээтэй. Ер нь цаашдаа эдийн засгийн үр ашиг багатай жижиг ордуудаас илүү томоохон үндсэн ордуудыг ашиглах, байгаль орчинд нөлөөлөл багатай арга технологийг дэмжих нь зөв гэж үзэж байгаа. Манайх сум уул уурхайн лицензийн тоогоороо улсын хэмжээнд 6-рт жагсаж байгаа шүү дээ. Гэтэл тэр хэрийн нөхөн сэргээлт, орон нутагтаа өгөөжөө өгөх асуудал “нойл” явж ирсэн. Уг нь уул уурхайн ААН-үүд суманд өнгөрсөн жилүүдэд чамлахааргүй хөрөнгө оруулалт хийж ирсэн ч иргэдэд нээлттэй биш, хэсэг хүмүүсийн дунд л замхарч орхисныг сая болсон хэлэлцүүлгийн үеэр олж мэдэж байна л даа. Цаашид энэ асуудлыг нээлттэй болгох үүднээс тухайн жилд төсөл хэрэгжүүлэх гэж байгаа ААН-үүд жилд хоёр удаа иргэдэд мэдээллээ өгдөг, намар гэрээний биелэлтээ тайлагнадаг ийм арга барил руу шилжих хэрэгтэй гэдэг дээр талууд харилцан тохиролцсон.

 

-Цагаанчулуутын хөндий, Ханан булаг, Гүн-Өндөрийн булаг гээд нэрийг нь сонсоход л хайрлан биширмээр байгалийн үзэсгэлэнт газрууд уул уурхайн компаниудын хөлд үрэгдсэн байдаг. Энэ асуудалд сум орон нутгаас хэрхэн арга хэмжээ авч ажиллах вэ? Нөхөн сэргээлт хийлгэх боломжтой юу?

-Өнгөрсөн 30 гаруй жилд манайд олборлолт хийсний үр дагавраар зургаан том хөндий устаж үгүй болжээ. Цагаанчулуутын хөндий гэж булаг устай урт хөндий байсан нь улаан шороо, ухсан нүх болсон. Ханан булаг гэх Ханангийн хөндий тэр чигтээ үгүй болсон. Рашаантын хөндий, Өвөлжөөт, Баянгол, Гүн-Өндөрийн булаг гээд олон газар уул уурхайн нөлөөлөлд орж, ямар ч нөхөн сэргээлт хийхгүй хаягдсан. Дөчийн голын эхэн дээр дур зоргоороо ухаж сэндийчээд орхичихсон. Зарим нь ор сураггүй, зарим нь ямар ч нөхөн сэргээлт хийхгүйгээр талбайгаа буцааж өгнө гэсэн байдалтай байна. Сум орон нутгийн хувьд энэ асуудал дээр бол нөхөн сэргээлт хийлгэж байж буцааж авна гэсэн байр суурьтай байгаа.

466985568_462987093475674_6113039350590272197_n.jpg 

-Малчдын зөвлөгөөнөө өнөө маргаашгүй зохион байгуулах гэж байна. Ямар үр дүнд зорьж байна вэ? “Баяндунгийн 100 дахь өвлийн өнгө” цас мөсний баяраас цаашид аялал жуулчлалын салбартаа анхаарах нь гэж ойлгосон?

-Малчдын зөвлөгөөн дээр малчдын орлогыг өсгөх үүднээс нэгжээс авах ашиг шимийг сайжруулж, сүргийн дундаж гарцыг 15-30 хувиар нэмэгдүүлэхээр зорьж буй тухайгаа танилцуулна. Манай суманд бэлэн судалгаа шинжилгээ хийгээд энэ чиглэлд ажиллаж байгаа арван айл байгаа учраас бэлэн туршлагаа сумандаа нэвтрүүлэх зорилго тавьж байна. Улсын хэмжээнд бид мал аж ахуйн салбараа эрүүлжүүлж чадахгүй байна шүү дээ. Тиймээс сумыг эрүүл бүс болгох, бүр барахгүй бол багуудыг эрүүл баг болгох, түүн дотроо эрүүл хот, эрүүл аж ахуй гэх байдлаар хамгаалагдсан аж ахуй хийх талаар танилцуулах ийм ажлуудыг хийнэ. Ер нь манай сумын эдийн засагт худалдаа үйлчилгээ, ХАА, МАА-н салбараас тодорхой жаахан мөнгө орж ирдэг. Арьс шир сул хаягддаг. Мөн уул уурхайн салбарт түшиглэж байна. Одоо харин бид аялал жуулчлалын салбараас тодорхой орлого олох боломжтой гэж үзэж байгаа. Баяндун сум эрдэмтэн мэргэж төрүүлсэн тоогоороо улсад 4-рт ордог, сэхээтнүүдийн өлгий нутаг гэгддэг шүү дээ. Бид энэ давуу талаа аялал жуулчлалын хөшүүрэг болгох боломжтой гэж үзэж байна.

476370482_516174544823595_3193860689551231531_n.jpg

Байгалийн өвөрмөц тогтоцтой болон түүхэн дурсгалт газрууд, эрдэмтэн мэргэдийн тоонот нутаг гэхчлэн аялал жуурчлалын маршрут нээх боломжтой учраас сая цас мөсний баяраа хүн амьтан төдийлөн очоод байдаггүй, өвөрмөц сонин тогтоцтой газарт хийсэн. Баяндун сумын Хайрхан багийн Шилийн нуур гэдэг энэ газар маань модоор хүрээлэгдсэн, тунгалаг устай нуур юм. Энд дэд бүтэц татах боломжтой. Шилийн нуур сумаас 10 гаруй км-т бий. Нуураас цааш 10 гаруй км-т Цагаанчулуутын үндсэн орд энэ жилээс дэд бүтцээ татаад ашиглалтад орох гэж байна. Баяндунгийн 35 кВт-ын ЦДАШ-аас уурхай руу явах замд Шилийн нуур маань огтлолцож байгаа. Аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой, байгалийн өвөрмөц тогтоцтой, дэд бүтцийн хувьд боломжтой бас нэг газар бол орос лагерь байсан хүүхдийн зуслан. Эхний удаад нутгийн ард иргэд өөрсдөө жуулчны бааз байгуулах гарц гаргалгааг нь танилцуулж өгч байгаа юм. Мөн ирэх зургаадугаар сарын 20-ны үеэр хөдөөгийн 13 сумын залуучуудын урлаг спортын тойрон аялал хийхээр төлөвлөж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Сэтгэгдэл бичих:

Илгээх