Мал эмнэлгийн салбарынхан Сүхбаатарын талбайд жагсаж байна

2026-01-12

Монголын үндэсний мал эмнэлгийн холбоо мал эмнэлгийн салбарын орон нутгийн үйлчилгээний нөхцөлийг сайжруулах шаардлагатай байгааг мэдэгдэж өнөөдөр Сүхбаатарын талбайд тайван жагсаал зохион байгуулж байна. Дорнод аймгаас 20 гаруй малын эмч нар оролцож байгаа юм.

Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 997 мал эмнэлгийн нэгж үйл ажиллагаа явуулж 1234 малын эмч ажиллаж байгаа бол Дорнод аймагт ерөнхий 49, төрөлжсөн  1 буюу нийт 50 мал эмнэлэг үйл ажиллагаа явуулж 110 гаруй малын эмч нар ажиллаж байна.

Орон нутгийн малын эмч нарын санхүүжилт, цалин хөлс, төлбөрийн нөхцөл байдал хүндэрч, салбарын тасралтгүй ажиллагаа алдагдах эрсдэл үүсчээ. Мал эмнэлгийн салбарт ажиллагчдын насжилт эрс нэмэгдсэн, залуу боловсон хүчин цөөрсөн, жил бүр дунджаар 150 орчим мэргэжилтэн ажлаа орхидог болсон нь салбарын хямралыг улам гүнзгийрүүлж, орон нутаг дахь мал эмнэлгийн нэгжүүд улсын хэмжээнд үнэ төлбөргүй үзүүлэх үйлчилгээндээ санхүүгийн эх үүсвэргүйгээр ажиллаж байгаа нь салбарын тогтвортой байдлыг алдагдуулж байгааг малын эмч нар хэлж байна.

 

Сэтгэгдэл бичих:

Илгээх