“Хиймэл оюун, дрон кодчололын сургалт, аялал”-ын бүртгэл хийгдэж байна

2026-01-19

Дорнод аймаг ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймагтай хамтын ажиллагааны хүрээнд болох “Хиймэл оюун, дрон кодчололын сургалт, аялал” энэ сарын 23-нд эхэлнэ. Бүртгэлийг Дорнод аймгийн Цахим шилжилт, үйлчилгээний хэлтэст хийж байна.

Тус  хэлтэс нь “Үжин Лайк Травел” ХХК-тай хамтран Зүүн бүсийн харилцаа холбоо, мэдээллийн технологийн өсвөрийн “ХУРДАН” клубийн гишүүдийг ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотноо зохион байгуулагдах богино хугацааны сургалтад хамруулна. Сургалт хиймэл оюун ба түүний хэрэглээ, дрон кодчилол, робот техник гэсэн орчин үеийн, эрэлттэй 3 чиглэлээр сурагчдын технологийн суурь мэдлэгийг ахиулах, практик ур чадвар эзэмшүүлэх, олон улсын стандарт орчинд суралцах боломжийг бүрдүүлэх юм.

Эхний ээлжийн сургалт 2026 оны 01 дүгээр сарын 23-наас эхлэн 80 сурагчийг хамруулж цаашид хамрагдах сурагчдын тоог нэмэгдүүлэх, сургалтын чиглэлүүдийг өргөжүүлэх боломжтой гэдгийг аймгийн Цахим шилжилт, үйлчилгээний хэлтсээс мэдээлэв.

Тус сургалт нь хүүхэд, залуусыг мэдээллийн технологи, инновацын салбарт бэлтгэх, олон улсын хамтын ажиллагаанд түшиглэн мэдлэг туршлага солилцох, ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэхэд чухал ач холбогдолтой юм.

 

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Хайлаар дүүргийн Засгийн ордонтой хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан өсвөрийн “ХУРДАН” клубийн гишүүдийн мэдээллийн технологийн боловсролыг дэмжих ажлыг ийнхүү эхлүүлж байна.

Сэтгэгдэл бичих:

Илгээх