Өвлийн тэргүүн сарын билгийн 25 буюу Зулын-25 Их дүйчэн өдөр үйлдсэн буян хэдэн мянгаар арвиждаг гэж үздэг. Тиймээс нүгэл үйлдэхийг цээрлэдэг. Энэ өдрөөс хойш мал төхөөрөхийг мөн цээрлэдэг.
Дээрх өдөртэй холбогдуулж Богд Зонховын олон сургаал номлолын охь шим болсон “Эрдэм бүхний суурь” хэмээх номыг айлддаг уламжлалтай.
Монголчууд энэ өдрийг онцгойлон анхаарч зул өргөдөг. Ялангуяа малчин ард түмэн Зулын 25-наас өмнө өвлийн идшээ хийдэг байж. Учир нь малынхаа бөөрний өөхийг хайлуулж тосоор нь зул өргөж, малынхаа хойноос буян үйлддэг. Эл уламжлалт зан үйлийг өдгөө ч малчин ардууд хийдэг хэвээр юм.