Их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн өнөөдөр тохиож байна.
Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 4 дүгээр зарлигаар Эзэн богд Чингис хаан–Тэмүжиний мэндэлсэн өдрийг Шинжлэх ухааны Академийн өргөн барьсан саналыг үндэслэн билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр хэмээн тогтоож, Их хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” хэмээн нэрийдэж бүх нийтээр ёслон тэмдэглэж байхаар болсон билээ.
Энэ өдөр Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан тугийг цэнгүүлэх ёслол болж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэн, чансаа өндөр хүчит бөхийн барилдаан болдог уламжлалтай. 2012 оноос бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлсэн уг баяр энэ жил бямба гарагт тохиож байна.