Чөлөөлөх дайн болон “Дөл” сонин

2025-04-03

Чөлөөлөх дайн болон “Дөл” сонины анхны дугаар нийтлэгдсэний  80 жилийн ой энэ онд тохиож буйтай холбогдуулан  “Чөлөөлөх дайн -Дөл80”  цуврал буланг нээж байна.

            Магадгүй уншигч Таны өвөө эмээ, төрөл төрөгсөд, ойр дотны хүмүүс 1945 оны Чөлөөлөх дайнд оролцож, “Дөл” сонины түүхтэй холбогдсон байж болох юм. Тэгвэл тэрхүү түүхийн эх сурвалж, дурсамж сэтгэгдлээ манай редакцид ирүүлээрэй. Манай сонины ахмад сэтгүүлч С.Бадарч энэхүү буланг хөтлөн явуулах бөгөөд  9958-2011 дугаарын утсаар холбогдоно уу.

 

ЧӨЛӨӨЛӨХ ДАЙН ЯЛТ (КРЫМ)-ЫН БАГА ХУРЛААС УЛБААТАЙ

Дэлхийн II дайны төгсгөл үеийг Ялтын (Крымын) бага хурлын тохиролцоогоор тавьсан билээ. Энд 1945 оны Чөлөөлөх дайны асуудал хөндөгдсөн гэсэн үг. Учир нь Ялтын (Крымын) бага хурлаар Монгол Улс олон улсын статусаа олж авч, улмаар Японы эсрэг чөлөөлөх дайнд оролцсоноороо тусгаар тогтнолоо баталгаажуулж авсан байдаг.

            Ингэхэд Ялтад яг ямар үйл явдал болсныг түүхээс эргэж сонирхъё. Гитлерийн эсрэг эвслийн орнуудын лидерүүдийн хоёр дахь уулзалт 1945 оны 2 дугаар сарын тэр өдрүүдэд Ялтын Ливадын цагаан ордонд болж, II дайны дараах дэг журмыг хэлэлцжээ. Цөмийн эрин эхлэхээс өмнөхөн Гитлерийн эсрэг эвслийн их гурвалын сүүлчийн уулзалтаараа дайны дараах Европ (Польш, Герман, Балькан, Европыг чөлөөлөх, дайны хохирлын төлбөр), мөн шинэ НҮБ, түүний Аюулгүйн Зөвлөл ба  хориг тавих эрх зэрэг нь хэлэлцэх асуудлын голд байсан, харин манай тив, бүс нутагтай холбогдох хэсгийн тухайд тусдаа баримт бичигт тусгажээ. Зүүн ба Зүүн өмнөд Азид Япон эзэгнэж байсан ч “Алс Дорнодын хувь заяа” гэдэг утгаар  нь СССР /Орос/ үүгээр баримжаалж геополитикийн орон зайг  шинээр томьёолох болсон гэж үздэг. “Алс Дорнодын хувь заяа” гэдэг ухагдахуунд хамгийн эхэнд Монголын хувь заяа яригдаж байсан ба тэр үеийн БНМАУ-ыг “Гадаад Монгол” хэмээн геополитикийн нэрээр нь томъёолж Дундад Иргэн Улс (тэр үеийн Хятад) тусгаарлах асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн билээ. Тэр тэмдэглэлт өдөр бол  1945.02.11, И.Сталин, Ф.Рузвельт, Уинстон С.Чөрчилль нарын гарын үсгээ зурсан хэлэлцээр юм. Хэлэлцээрийн гурван заалт товч тодорхой, утга төгөлдөр, оновчтой бөгөөд түүнд ингэж өгүүлжээ.

            Германыг буулган авч, Европт дайныг дуусгаад 2-3 сарын дараа Зөвлөлт Холбоот Улс нь дараах нөхцөлтэйгөөр Японы эсрэг дайнд Холбоотнуудын талд орж байлдана.

  1. Гадаад Монголын (БНМАУ) статусыг хадгална.
  2. 1904 онд Япон Орост зэрлэгээр халдахад зөрчигдсөн Оросын эрхийг сэргээнэ. Тухайлбал:

-Сахалин арлын өмнөд хэсэг, түүний эргэн тойрны бүх арлыг Зөвлөлт Холбоот Улсад буцааж олгоно.

-Зөвлөлт Холбоот Улсын эрх ашгийг давуу харгалзан худалдааны  Дайрен боомтыг глаболчилна. СССР-ийн тэнгисийн цэргийн бааз болгон Порт-Артурын арендыг сэргээнэ.

  1. Дайрен боомт руу гарах боломж олгох үүднээс Дорнод Хятадын төмөр зам, Өмнөд Манжуурын төмөр замыг хамтран ашиглана. Эхний үед Зөвлөлт-Хятадын хамтарсан нийгэмлэг байгуулах замаар ашиглах ба Зөвлөлт Холбоот Улсын эрх ашгийг давуу харгалзан үзнэ. Гэхдээ Хятад нь Манжуурт бүрэн эрхээ хадгалах болно.

4.Курилын арлуудыг Зөвлөлт Холбоот Улсад шилжүүлнэ.

Гадаад Монгол ба нэр дурдсан боомт, төмөр замуудын тухай хэлэлцээрийг генералиссимус Чан Кайшигаар зөвшөөрүүлэх шаардлагатай. Маршал И.В.Сталины зөвлөснөөр Ерөнхийлөгч (Ф.Рузвельт) тэгж зөвшөөрүүлэх арга хэмжээг авна. Зөвлөлт Холбоот Улсын дээрх санаархлуудыг Японыг ялсны дараа үг дуугүй хангах болно гэдгийг Гурван Их Гүрний Засгийн газрын тэргүүнүүд зөвшилцсөн байдаг.

Хятадыг Японы дарлалаас чөлөөлөхөд зэвсэгт хүчнээрээ тусламж үзүүлэхийн тулд  СССР ба Хятадын хооронд Найрамдал, холбооны тухай гэрээ Хятадын Үндэсний Засгийн газартай байгуулахад бэлэн байгаагаа Зөвлөлт Холбоот Улс өөрийн зүгээс илэрхийлсэн. Ийнхүү Ялтын хэлэлцээрийн заалтын дагуу СССР Японд дайн зарлан 1945 оны  олон фронтоор дайнд  орсон ч  БНМАУ-ын Засгийн газар  Манжуур, Халхголын чиглэлд цөмөрсөн Японы эсрэг давхар  Чөлөөлөх дайн зарласан олон улсын болон улс төр геополитикийн ач холбогдолтой чухал арга хэмжээ байв... 

 

Эх сурвалж: “Дөл” сонины 2015 оны дугаараас.

 

ЧӨЛӨӨЛӨХ ДАЙН БА ДӨЛ СОНИН

 

(Тэргүүн өгүүлэл)

             2025 онд Дэлхийн хоёрдугаар дайны агуу ялалтын болон Чөлөөлөх дайны 80 жилийн ой болно. Энэхүү түүхэн үйл явдалтай орон нутагт тогтмол хэвлэл бий болсон хийгээд “Дөл” сонины анхны дугаар нийтлэгдсэний 80 жилийн ой  цаг хугацааны хувьд  хамт тохиож байгаа нь онцлог бөгөөд чухал ач холбогдолтой юм.

1945 оны Чөлөөлөх дайны ялалтын түүхт 80 жилийн ойг 2025 онд улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саяхан гаргасан зарлигт, түүхэн ялалтын үнэ цэн, цэрэг эрсийнхээ байгуулсан гавьяаг сурталчлах, мөнхжүүлэх, дайнд оролцогсод, ахмад дайчдадаа хүндэтгэл үзүүлэх, тэдний эх оронч сэтгэл, зүтгэлийг залуу хойч үедээ өвлүүлэх, ойн медаль гаргах, улс түмний найрамдалт харилцаа, Зэвсэгт хүчний хамтын ажиллагааг баяжуулан хөгжүүлэхэд түлхэц өгөхүйц цогц арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр заасан нь бидний ажилд ихээхэн урам зоригийг нэмж байна. 

 Эдгээр түүхэн үйл явдлуудтай холбогдуулан “Дөл” сонины 80 жилийн ойн эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж “Дөл“ сонин үүссэн цаг үе ялангуяа чөлөөлөх дайнд оролцсон байдал, гүйцэтгэсэн үүргийг архивын баримт нотолгоонд тулгуурлан нээн харуулахыг зорьж байна. Мэдээж асуудлыг төгс бүрэн шийдэхгүй ч тодорхой судалгааны арга зүйг хөгжүүлэх эхлэл тавигдана гэдэгт итгэлтэй байна. Тодруулж хэлбэл, уугуул “Дөл” сониныхоо түүхийг сэргээн, үе үеийнхний ажил үйлс, амьдрал  тэмцлийг тодруулан үлдээх чухал ажил гэж үзэж байна. Мөн Дорнод аймгийн хөгжил дэвшил, хүн ардын аж амьдрал ажил үйлсийн толь болсон орон нутгийн хэвлэл мэдээллийн түүхийн эх сурвалжид үнэ цэнтэй зүйл хувь нэмэр болно.

Өвөг дээдсийнхээ хөдөлмөр бүтээл, гавьяа зүтгэлийг алдаршуулах, уламжлалыг сэргээн хадгалах, тэдэндээ хүндэтгэл үзүүлэх нь энэхүү түүхт хэвлэлийн нэршлийг хадгалж яваа “Дөл” сонины төдийгүй орон нутгийн хэвлэл мэдээллийн  байгууллагуудад ноогдох үүрэг, ихээхэн буянтай үйлс юм. Түүнчлэн энэ сонинтой ажил амьдралаа холбож явсан бүх хүнд нэгэн адил хамаарна. 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон  тусгай чиг үүргийн отрядыг “Дөл” гэж нэрлэсэн нь тухайн цаг үед “Дөл” сонинд нэг талаар өндөр хариуцлага, голлох үүрэг ноогдож байсныг ч гэрчилдэг. Дөл сонины тэр цаг үеийн уран бүтээлчид, сэтгүүлч сурвалжлагчид, ажилтнууд 1945 оны чөлөөлөх дайны Фронтын галын шугаман дээр үзгээ барихын зэрэгцээ сумласан буу мөрлөн тэмцэж явсан түүх бий. Дорнод аймгийн хөгжил дэвшлийн 80 гаран жилийн түүхтэй тодорхой хэмжээгээр холбогдох “Дөл” сонины орон нутгийн хөгжилд оруулсан хувь нэмэр, тэр дундаа нийтийн энх тайван, аюулгүй байдлын төлөө тухайлбал, 1945 оны чөлөөлөх дайнд оролцсон байдал нь ганц нэг хүний дурсамжаар яригдаад өнгөрөх ёсгүй. Энэ бол ганц нэг байгууллага, сонины редакцын ажил биш билээ. Энэ ч үүднээс тус эрдэм шинжилгээний хурлыг үндэсний аюулгүй байдлыг хангах тогтолцооны бүтцэд багтдаг тусгайлсан чиг үүрэгтэй Тагнуулын төв газрын судлаачдын баг, дайны түүхээр дагнадаг “Ялалт” музейтэй  хамтран зохион байгуулна. “Дөл” сонин дайны дараа буюу энх цагийн бүтээн байгуулалтад аймаг, орон нутгийн түүхийг бичилцэж, хэвлэл мэдээллийн зохион байгуулагч, суртал нэвтрүүлэгч, ухуулагчийн,  өнөөгийн хэлээр бол мэдээлэл хүргэх, мэдлэг олгох, танин мэдүүлэх үүргээ биелүүлж байв.  Ийм л түүх шастиртай сонины уншигч бүхэн  нэгэн бодлын бахархах түүхтэй, нөгөө бодлын хэлэх үгтэй байх учиртай. Үүнтэй холбогдуулж, манай сонин 2025 оны нийтлэлийн бодлогодоо, уугуул сониныхоо дайчин замналыг  төдийгүй  агуу эх орны  болон чөлөөлөх дайны түүхэн үйл явдлыг тод томруун түлхүү харуулахыг зорьж байна.

 

Сэтгэгдэл бичих:

Илгээх