Улсын Их Хурлын сонгуулийн чимээ ирэх намар буюу энэ оны ес, аравдугаар сард болох сураг хэдүйн дуулдаж эхэлсэн. Хэдийд ч болсон бай сонгогчдоо мэдээллээр хангах нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүрэг учраас Дорнод аймагт Монгол Ардын Нам, Ардчилсан намаас хэн, хэн нэр дэвших сонирхолтой агаад тэд ханцуйдаа хэрхэн наймаалцдаг, үйл явдал цааш яаж өрнөхийг тоймлон хүргэж байна. Эрх баригч нам юуны учир сонгуулийг намар хийхээр хүч түрэн зүтгүүлж буйг эхлээд тайлбарлъя.
СОНГУУЛЬ НАМАР БОЛОХ МАГАДЛАЛ ӨНДӨР
Монгол Ардын Нам тоглоомын дүрмээ өөрт ашигтайгаар зохиох нь зүйн хэрэг тул УИХ-ын ээлжит сонгуулийг ирэх намар явуулж тун магадгүй байна. Хэдий тийм боловч одоогийн УИХ дахь 76 гишүүний дийлэнх нь бүрэн эрхийн хугацаагаа жам ёсоороо дуусгаж, сонгуулийг 2024 онд хийх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Хувийн эрх ашгаа бодсон ч эрхэм гишүүд 2024 он болтол Үндсэн хууль, сонгуулийн системийг огцом өөрчлөхгүйгээр бараг л хуучин янзаар эсвэл 76 “жижиг”-гээр явуулах нь зүйтэй гэж үзэж байгаагаа ил далд илэрхийлээд эхэлсэн. Гэхдээ МАН-ын удирдах баг командынхан УИХ дахь гишүүдээ одоо ид өрнөж буй авилга, албан тушаалын баривчилгаагаар далайлган чихдэж байгаад энэ хаврын чуулганаар хүч түрэн “Сонгуулийн тухай хууль”, “Улс төрийн намын тухай хууль”-ийг батлах бэлтгэлээ хангаж байгаа сурагтай. Тиймээс ч бэлтгэлтэй байхыг аймгийн намын хорооддоо албан бусаар үүрэгдсэн дуулдана лээ.
Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн хувьд намаа авч үлдэх үү, УИХ-ын гишүүдийн эрх ашиг чухал уу гэсэн сонголтын өмнө тулчихаад байна. Авилга, албан тушаалын хэргүүд ил болох бүрт араас нь “Зөвхөн мөсөн уулын орой” гэх тодотгол дагах болсныг уншигч Та анзаарсан буй за. Энэ бол мөсөн уулын далд хэсэгт юу ч байж болно, бас юуг ч байлгаж болно оо л гэсэн анхааруулга. Намын эрх ашиг, гишүүдийн эрх дарх хэмээх хоёр мөсөн уул тал талаасаа айсуй.
Ойрмогхоны жишээ татъя. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан авилга, албан тушаалын хэрэгт холбогдов. Түүний хувьд “шударга тав”-д явсан ч У.Хүрэлсүхийн хүмүүсийг намнаж буй энэ цаг үеийг тойрсонгүй. Манай аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн “нүүрсний хэрэг”-т холбогдсон нь ч бас намнуулсны нэг жишээ. Нэг талаасаа шударга ёс тогтоож буй үйлдэл мэт харагдавч МАН-ын дотор байсан эрх мэдлийн төлөөх асар том зөрчилдөөн ил гарсны илрэл юм.
Монгол Ардын намын угшлыг бодож үзвэл намын бодлого нь аль ч цаг үед жин дарж ирсэн байдаг. Тэгээд ч Ардчилсан нам зөрчилдөөн ихтэй задарчихсан байгааг ашиглаж завдал өгөлгүй сонгуульд орох нь зөв нүүдэл. Ард түмэн Үндсэн хуулийн өөрчлөлт, Сонгуулийн хуулийн реформтой холбоотойгоор улс төрөөр амьсгалж, үндсэн суурь шалтгаан буюу өнгөрсөн зургаа, долоон жилийн хугацаанд МАН-ын хийгээгүй орхисон бүх зүйлийг мартаж хөөсөрсөн үеийг овжин ашиглаж сонгуульд орох нь мөн л зөв нүүдэл.
Дээр дурдаад өнгөрсөн авилга, албан тушаалын хэргүүдтэй холбоотойгоор МАН-д шахалт үзүүлдэг доторхи бүлэглэлүүдийнх нь хүч одоогоор суларсан байгаа. Хэрэв УИХ-ын сонгуулийг энэ намар л амжиж хийхгүй бол МАН-ын одоогийн удирдлага 2024 он гэхэд доторхи бүлэглэлүүддээ “хэрчүүлж” мэднэ.
СЦЕНАРЬТАЙ ХАВАР
Монголын хавар хэзээ л ийм айван тайван байдаг санж. Яг л урьдаар төлөвлөсөн мэт эмх цэгцтэй, илүү дутуу хэл үггүй, жагсаал цуглааны сураг ч үгүй хаврын өдрүүд өнгөрч байна. Энэ хаврын огцом өөрчлөлтүүдийг хийх үед Ардчилсан нам чимээгүй байх ёстой учир Монгол Ардын Нам, Ардчилсан намын дарга Лу.Гантөмөрийг дээд шүүхэд хүчээр бүртгүүлчихсэн. Арай хийж даргатай болсон нам дотооддоо цэгцрэхийн тулд самбаа сүйхээ гаргаад юу шалиа аж. Өөрөөр хэлбэл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэлэлцэх үеэр АН-ынхан жагсаж цуглаад хөдөлгөөнд ороод эхэлбэл “алахгүй ч айлгаад байж” чадна.
Нэмж хэлэхэд, сонгууль 2023 онд болж, суудлын тоог огцом нэмэгдүүлэхгүй бол МАН ялах магадлал улам төгөлдөршинө. Суудлын тоог 76+76 болгох юм бол МАН ялах нь бас л тодорхой. Гэхдээ суудлын тоог нэмэх нь МАН-д ашигтай байхаас илүү АН-ын эвлэрэлд ихээхэн төвөг удаж мэднэ.
152 гишүүнтэй том парламент бүрдвэл АН дундуураа тас хуваагдана. Учир нь АН-ынхан нэгдэж нягтарч нэгэн цул болохоосоо илүү бүх хүнд боломж байгаа гэж харна. УИХ-д АН-аас сонгогдсон жирийн л нэг гишүүн байхаасаа илүү нөлөөтэй гишүүн болох, олонхийн бүлэгтэй хамтрах, хамтарсан Засгийн газарт орох сонирхлоо илүүд үзнэ. АН ахиад л зад үсрэхийг МАН хүсэж байгаа. Уг нь Монголын ард түмэнд дориун сөрөг хүчин ус агаар шиг хэрэгтэй байна.
МАЖОРИТАР УУ, ХОЛИМОГ УУ? ПРОПОРЦИОНАЛЬ УУ?
УИХ-ын гишүүдийн тоог 76+76 болгох, сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах тухай хувилбар яригдаж байна. Харин ард түмэн УИХ-ын гишүүдийн тоо 152 болвол зардал нь улам өсөж, тэр хэрээр идлэг уулга нь улс эх орныг улам туйлдуулна гэхээс айж байгаа.
Пропорциональ тогтолцоо бол саналын тоо парламентад шууд тусах буюу нийт сонгогчдийн 50 хувийн саналыг тухайн нам авсан бол УИХ-ын суудлын 50 хувийг авна. 51 хувийн санал авсан бол мөн адил суудлын 51 хувийг авна.
Мажоритар нь харин нийт сонгогчдын 50 хувийн санал нь ижилхэн тусах боловч санал нь 50-иас дээш болсон тохиолдолд парламент дахь суудал огцом нэмэгдэж, тухайлбал, 51 хувийн саналыг аваад 65 суудалтай болно. Холимог нь дээрх хоёр тогтол цоог хольчихож байгаа гэсэн үг.
2020 оны УИХ-ын сонгуулийг том мажоритараар явуулсан. 76 хүнийг хоёр, гурваар нь багцалж нэг тойргоос сонгохыг том можаритар гэж байгаа юм. Энэ тогтолцооны муу тал нь санал ихээр гээгдэж, төлөөлөх чадвар буурахаас гадна мөнгөтэй хүмүүс л тойрог авч, мөнгөөр зодож гарч ирдэг, дараа нь шархаа нөхдөг, цаашлаад сөрөг хүчингүй, нэг намын дарангуйлал ноёрхох магадлалтайг одоо бид бэлхнээ харж байна.
БҮСИЙН КВОТ
МАН-ын түвшинд бүсийн квотын тухай ярьж эхэлсэн. Өөрөөр хэлбэл холимог тогтолцоо орж ирснээр 76 нь мажоритар, 76 нь пропорциональ системээр сонгогдох болно. Тодруулбал, эхний 76 хуучнаараа буюу жижигсгэсэн тойргоор халз үзэх бол дараагийн 76 намын квотоор орж ирэх нь. Ингэхдээ бүсчилж зохион байгуулах хувилбар таамгуудын дээгүүр цохиж яваа. Энэ тухай тайлбарлъя.
Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт зүүн бүсийн найм эсвэл арван мандат өглөө гэж бодоход намууд зүүн бүсийн мандат дээр нэр дэвшигчдээ жагсаана. Ухаандаа багцын меню гэж ойлгож ч болно. Хэнтий, Дорнод, Сүхбаатарын сонгогчид тэрхүү менюнээс найм юм уу арвыг нь сонгож дугуйлах нь. Хэрэв энэ хувилбараар явагдвал гэсэн бодомжтойгоор МАН, АН-аас нэр дэвших хүмүүс төвийн түвшиндээ яригдаад эхэлжээ.
Системийн хувьд холимог явах нь ойлгомжтой. Холимог холимогтоо пропорционал элемэнт нь өөрөө улсын хэмжээнд нэг биш бүсчилж явуулах хувилбар нь алдаа дутагдлаа шийдэх гэж байгаа тал руугаа зөв ч байж болох юм.
Хэрвээ энэ системээр хийх юм бол тойргийн сонгууль буюу можаритар элемэнт нь шууд халз үзэхээс өөр аргагүй болно. Тайлбарлья, Дорнод аймаг 14, 15 гэсэн нэг нэг мандаттай байсантай адил намууд нэр дэвшигчдээ өрсөлдүүлнэ.
Мажоритарын 76 суудал цөөрөх юм бол манай аймаг хоёр мандаттай нэг тойрог ч болж болно гэсэн үг. Энэ мэтчилэн янз бүрийн хувилбарууд яригдаж байгаа.
Бүсийн пропорциональ элемэнтээр сонгууль явагдахаар болвол өөрийн аймгаас гадна нөгөө хоёр аймагтаа нөлөөлөхүйц нэр дэвшигчид жагсаалт руу орж ирнэ. Сурталчилгааны хугацаанд зөвхөн Дорнодын сонгогчидтой ажиллахгүй бүсийн хэмжээнд илүү нөлөөлж байж УИХ-ын “152”-т багтана.
ШИРҮҮН ӨРСӨЛДӨӨН ДОРНОДОД ӨРНӨНӨ
Пропорциональ элемэнтийг оруулж ирэхдээ бүсчилж хийнэ гэвэл Хэнтий аймаг улаан талдаа, Сүхбаатар аймаг цэнхэр талдаа суурь нь хүчтэй байгаа. Харин манай аймагт сүүлийн 20 жил МАН ялж ирсэн ч энэ сонгуулиар зүүн бүсэд аль нам ялахыг шийдэх сонгогчид бол Дорнодынхон. Тэгэхээр аль ч талаараа Дорнодод ширүүн өрсөлдөөн өрнөнө.
МАН-аас УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонго, аймгийн Засаг дарга, МАН-ын хорооны дарга М.Бадамсүрэн нарын нэр сонсогдож байна. АН-аас “АПУ” ХК-ийн захирал П.Батчимэг, аймгийн АН-ын дарга, аймгийн болон Хэрлэн сумын ИТХ-ын төлөөлөгч У.Даш, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Хэрлэн сумын ИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ш.Бямбасүрэн нарын нэр дуулдана. Бие даагчид хараахан хүсэл сонирхлоо илэрхийлэлгүйгээр хоёр намыг ажиглаж байна.
Нэр дэвшихээр горилогсдын талаар уншигч Та сонирхож буй нь дамжиггүй. Ойлгомжтой байлгах үүднээс аль болох бодит баримтад тулгуурлахыг хичээж байгаа тул 2020 оны УИХ-ын сонгуулийн үеэр өрнөсөн зарим үйл явдлыг жишээгээр татъя.
ХХААХҮ-ИЙН САЙД Х.БОЛОРЧУЛУУН- Х.Болорчулууныг 2020 онд хамгийн өндөр саналаар УИХ-д гарна гэж хэн ч төсөөлөөгүй, бүр нам нь ч зүүдлээгүй. Түүний хувьд үеийн үед дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж ирсэн гол талбар нь аймгийн Ардчилсан нам. Тиймдээ ч өнгөрсөн хугацаанд өөрийн намаа үл ойшоож, нэг их хүч хаяхгүйгээр сонгуульдаж байсан гэхэд болно.
Харин Ардчилсан намтай хэрхэн тоглож ирсэн талаар товч сонирхуулъя. УИХ-ын гишүүн асангууд болох Я.Санжмятав, П.Алтангэрэл, аймгийн АН-ын дарга асан Г.Болдбаатар, ИТХ-ын төлөөлөгч асан С.Итгэл гэсэн хоршил.
Я.Санжмятав & П.Алтангэрэл нар зүү орох зайгүй найзууд, Я.Санжмятав & Х.Болорчулуун нар мөн л үй зайгүй нөхөрлөдөг. П.Алтангэрэл, Х.Болорчулуун нар учир зүггүй тэврэлдээд байхгүй ч эрх ашиг нэгддэг. Г.Болдбаатар, С.Итгэл нар түүнийг дэмждэгээ ил цагаан илэрхийлдэг.
2020 оны УИХ-ын сонгуулиар Х.Болорчулууны “захиалга”-аар АН-аас Жамцын Энхболд нэр дэвшиж байв. Тухайн сонгуулийн бүх хэсгийн хорооны дүнг нарийн ажиглаж харвал /жич: бусад фактууд/ Ж.Энхболдын санал тэр чигээрээ Х.Болорчулуун руу урссан байдаг. Үүнийг МАН-аас хамт нэр дэвшсэн Ц.Сэргэлэн мэдсэнээр өөрийнхөө саналыг бусад нэр дэвшигчид рүү савсан. Ц.Сэргэлэнгийн хүрч болох санал бол цэргийн ангитай багууд байсан учир тухайн багуудын саналыг нөгөө тал руу нь шидсэн гэсэн үг. Үүнийг тод харж болох нэг жишээ бол Матадын Мэнэн багийн санал. Ц.Сэргэлэн Мэнэн багт 560 гаруй санал авч байхад Х.Болорчулуун 110 санал авсан. Нөгөө талд харин Х.Болорчулуун саналуудаа аль руу нь ч өгүүлээгүй буюу “Зөвхөн би болоод бусад” гэсэн дүр зураг харагддаг.
Харин Ж.Энхболд өөрийгөө Х.Болорчулууны саналыг авчих юм бол УИХ-д сонгогдчихно гэж итгэснийг нь ч сонгуулийн саналын дүнгээс уншиж болохоор. Тухайлбал, хамгийн өндөр үзүүлэлттэй Баян-Уул сумын санал тэр чигээрээ Х.Болорчулуун руу явсан байдаг. Ийнхүү Ж.Энхболд Х.Болорчулуунд итгэсэн ч улс төрд мөнхийн нөхөрлөл, мөнхийн дайсан, бас үүрдийн итгэлцэл байдаггүйг ойлгуулсан гэж найдна.
Сонгуулийн дараа Ж.Энхболд Улаанбаатарт хорооллын дундах хоёр ч замын тендерийг Х.Болорчулууны нөлөөгөөр авч, түүний хүү одоо аймгийн МАН-ын Оюутны холбооны даргын сонгуульт албыг хашиж байна. Эндээс Та улс төрд зарим тохиролцооны үед ямар ч нам байх боломжгүйг бэлхнээ харж байна.
Товчхондоо ийм. Ингэж тоглож чадсан учраас өнгөрсөн сонгуулиудад Х.Болорчулуун ялж иржээ. Одоо ч мөн адил, тэрээр Дорнодоос дөрөв дэх удаагаа УИХ-д сонгогдохыг хүсэж байна. Энэ хүслийг нь биелүүлэхийн тулд Г.Болдбаатар нарын найз нөхөд нь аймгийн АН-ыг хагалан бутаргах ажилдаа идэвхийлэн орсон сураг дуулдана.
АН харин урьдын адил түүнд өөрийн талбараа найр тавих эсэх нь ёстой АН-ынхны л асуудал.
ХЗДХ-ИЙН ДЭД САЙД, МОНГОЛЫН СДЭХ-НЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ Б.СОЛОНГО- Унгар, Их Британи, АНУ-д хуульч, эрх зүйч мэргэжлээр суралцаж төгссөн.
Саявтархан манай аймагт ажиллах үеэрээ Дорнодод нэр дэвших сонирхолтой байгаагаа тун итгэлтэйгээр илэрхийлсэн. МАН-ын эмэгтэй залуу кадруудын нэг. Энэ сонгуульд шинэ үеийн салхи сэвэлзүүлж мэдэх нэр дэвшигч. Ер нь энэ сонгуульд боловсрол өндөр, залуу үе хүч түрэн орж ирэх нь.
Түүний аав Дорнод аймгийн Баяндун суманд “Дун гоулд” ХХК-тай. Өөр олон ч газар алтны орд газар эзэмшдэг, Монголын урдаа барьдаг геологичдын нэг. Харин өвөө нь Дорнод аймгийн Баяндун сумын уугуул. УИХ-ын ээлжит сонгууль намар болвол дэд сайд Б.Солонгын хувьд бэлдэх, танигдах хугацаа богино байна. Урьд урьдын сонгууль шиг гэнэт ирээд сонгогдчихдог мода ул болсныг эрх биш тооцоолж буй биз ээ.
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА, МАН-ЫН ХОРООНЫ ДАРГА М.БАДАМСҮРЭН: М.Бадамсүрэнгийн хувьд Дорнодын улс төрд нэг ч хономооргүй байгаа. Энэ доторх хэрүүл, хэл ам, стрессээс залхсан гэхэд дэгс болохгүй. Нас залуу, улс төрд ид хүч үзэж байх ёстой үе нь учраас УИХ-ын гишүүн болж эндээс явах л туйлын хүсэл нь. Арваад жилийн турш аймгийн Засаг даргын суудалд заларчихаад зүгээр л зодог тайлна гэдэг төсөөлшгүй.
М.Бадамсүрэн лидер мөн үү гэвэл мөн. Харин сайн баг бүрдүүлж чадаагүй. Арай дөнгүүр ганц нэг хүнээ улс төрийн золиосонд илгээчихсэн, хаяхыг нь хаяад, гомдоохыг нь гомдоож орхисон. Товчхондоо сул, чадвар муутай баг нь өөрийг нь дэгээдсэн гэчихвэл бас л дэгсдүүлсэн болохгүй. Үүлэн чөлөөний нар шиг долоо, найман жилийн хугацаанд түүний баг Дорнодод олигтой өөрчлөлт хөгжлийг авчирч чадсангүй.
Хамгийн магадлал өндөртэй бүсийн квотоор сонгууль явагдвал Хэнтий, Сүхбаатарт М.Бадамсүрэнгийн хэрэг үгүй. Тиймээс Дорнодын Засаг даргаар олон жил ажилласан гэдгээрээ намын мандатаар жагсаалт руу орж ирэх магадлал нь илүү өндөр. Гэтэл төв МАН-аасаа бүрэн дэмжлэг авах эсэх эргэлзээтэй. 2020 оны УИХ-ын сонгуулиар бяр, хүч нь ханачихсан байсан М.Бадамсүрэнг МАН нэр дэвшүүлээгүй дарж орхисон. Хэрэв намын листэнд орохгүй бол мань эр тойргоос нэр дэвших аргыг эрэлхийлнэ. Хойд талын буриад сумдтай тойргоос илүү унасан газар, угаасан ус Халх голтой урд тал руу очвол шаанс өндөрсөнө. Гэтэл урдах сумд бол Х.Болорчулууны дош. Эндээс ямар зөрчил үүсэж болохыг төсөөлөхөд л хүрэл зүрх ч хайлна.
М.Бадамсүрэнгийн хувьд өөрийн үзэл бодол, байр сууриндаа үнэнч эцсээ хүртэл яваад ийнхүү хана мөргөж байгаа нь харамсалтай. Одоо хувь хүний эрх ашгаа бодохоос өөр арга үлдээгүй. Х.Болорчулуунтайгаа эв эетэй байж л мандат авах магадлалаа өсгөнө. Эвтэй байхын тулд үгийг нь сонсдог “сайн дүү” болно.
Х.Болорчулууны хувьд Г.Болдбаатараар дамжуулж аймгийн АН дээр тоглох боломж хомсдвол МАН руугаа нөлөөгөө илүү тогтоохыг хүснэ. Ингэвэл аймгийн МАН дээрх уур амьсгал огт өөрөөр эргэнэ. Өмнөх шигээ түүнийг шахсан, үл тоосон хэвээр байх юм бол аймгийн МАН-ын дотоод зөрчил хурцадна.
“АПУ” ХК-ИЙН ЗАХИРАЛ П.БАТЧИМЭГ- Бүсгүй хүнийг ус урт, ухаан богино гэдэг ч П.Батчимэгийн хувьд 2020 оны УИХ-ын сонгуульд эрчүүдтэй эн тэнцүү өрсөлдсөн. Нэг намаас хамт нэр дэвшсэн Ж.Энхболдын урвалт, Х.Болорчулууны АН-ыг алсаас тавиулуудаараа дамжуулан удирдсан байдал, Ц.Сэргэлэнгийн нягт төлөвлөгөөнд хэрчүүлээгүй бол түүний хувьд 2-оор гарч ирэх боломж байв. Тухайн үед аймгийн МАН-тай хамтрах гэж байгаад “араараа тавиулсан” ч гэдэг. Өнгөтэй, мөнгөтэй, Өвөрхангайн гаралтай, баян, давилуун хүүхнийг Дорнодынхон төлөөллөөрөө сонгохыг нэг их хүсээгүй ч дөрвөөр гаргаад ирснийг нь бас чамлаж болохгүй.
Одоогийн АН-ын дарга Лу.Гантөмөр, П.Батчимэг нар нэг фракцынхан, бас юу л байна, мөнгө л байгаа шүү дээ. Тиймээс бүсийн жагсаалт руу П.Батчимэг орж ирэх магадлал өндөр.
АЙМГИЙН АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА У.ДАШ- Аль ч нам төвийн түвшиндээ яриа тохироогоо хийж, тоо бодож байж нэр дэвшигчдээ ил болгодог. Гэтэл У.Даш УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэдгээ сонин хэвлэл дээр тодорхой тунгалаг зарлаж орхисон байна лээ.
Олон жилийн бугшмал байдалдаа идэгдсэн Дорнодын АН-ын даргаар зориглон ирж, 2020 оны УИХ-ын сонгуульд хоёр нэр дэвшигчээ дэмжин, чадахаасаа чадахгүйгээ хүртэл чардайсан түүний зүтгэлийг төв нам нь үнэлж, “ногоон” гэрлээр замыг нь засаж өгсөн ч байж болох. 2020 оны УИХ-ын сонгуулиар аргагүй “шинэковдсон” ч энэ удаад өөрөө нэр дэвшин сонгогдохыг зориод зогсохгүй АН дотроо эрх мэдлээ бат нут дархалж авахаар зүтгэв бололтой.
Нэг аймагт ч болтугай сөрөг хүчин жинхэнэ утгаараа үүргээ гүйцэтгэх нь хэнд хэрэгтэй вэ гэвэл тухайн орон нутагт л хэрэгтэй. Нэр хүнд нь уланд уначихсан, улиг болчихсон нэр дэвшигчдээс Дорнодынхон залхаж эхэлсэн байна. Цаг үеийн дуудлагыг нарийн мэдэрч чадвал боломж бүрэн дүүрэн бий.
ХЭРЛЭН СУМЫН ИТХ ДАХЬ АРДЧИЛСАН НАМЫН БҮЛГИЙН ДАРГА Ш.БЯМБАСҮРЭН- Аймгийн АН хавиар чих тавих нь ээ, Шинэбаярын Бямбасүрэнг УИХ-д нэр дэвшүүлэхээр нэлээн хүчтэй ярьж буй бололтой. Хэрэв УИХ-ын өмнөх сонгууль шиг томсгосон мажоритараар явах юм бол Ш.Бямбасүрэн, У.Даш хоёр тун аятайхан хоршил болно. Гэхдээ бараг л боломжгүй вариант.
Харин жижиг мажоритараар сонгууль явагдвал Ш.Бямбасүрэн дэвшсэн тохиолдолд хаана, хэнтэй өрсөлдөх нь сонирхол татаж байгаа юм. Х.Болорчулуунтай халз үзэхээр болвол эрхэм сайдтан өөрийн өрсөлдөгчөө урьдын л адилаар захиалчихаж гэж харагдана. Тэгээд ч тэд мундахгүй олон сэжмээр холбогддогийг Дорнодчууд андахгүй.
Цэл залуу, зүйрлэвээс Мэнэнгийн тал шиг өмнөө цэлийсэн улс төрийн замналаа ганцхан удаагийн тохироо, хор, ханцуйн дахь наймаанд тавиад туучихгүй гэдэгт нь итгэлтэй байна. Учир нь тэр УИХ-ын гишүүн асан Цэндийн Шинэбаяр агсны голомтыг залгасан бага хүү нь. Гэр бүлийнхээ нэр хүнд, удам угсаа, өөрийн эрдэм мэдлэг, дадал чадвараа хүндэтгэж үзвэл Х.Болорчулуунтай нэг тойрогт таарахыг хүсэхгүй нь тодорхой шүү дээ. За тэгээд мандатаа аваа ч уу, үгүй ч үү. Барим тавим яригдаж байгаа нэр дэвшигч мөн үү гэвэл мөн.
Төгсгөлд нь дархан мэхээ зөвшөөрүүлээд байгаа, ХХААХҮЯ-ны сайд, УИХ-ын гишүүн Х.Болорчулууны нөлөө юуны учир ийнхүү хүчтэй болж, тэрээр Монгол Улсын Ерөнхий сайдын багт багтаад байгаа талаар товч өгүүлье.
Тун саяхны үйл явдал шүү дээ. Оюутолгойн гүний уурхайн нээлтийн үеэр манай “эх оронч” гишүүд ямархан чимээ аниртай байсныг эргэн нэг анзаараад үзээрэй. Угтаа бол тэд “Оюутолгойн бүх гэрээ Монгол банкаар шилжих ёстой” гэдэг ч юм уу “Алтаа Монголд зарах ёстой” гэж чанга хашгирдаг. “Эх оронч” гишүүд гэдэгт Л.Даваасүрэн, босоо Ганбаа, Х.Болорчулуун, Б.Бат-Эрдэнэ нар багтана. Эдгээр гишүүд бол Засгийн газрын хэмжээний том эрх ашгийн асуудал дээр ямар ч гэгээн зорилгогүйгээр орилдог, МАН доторхи уур амьсгалыг эвддэг нөхөд учраас намын дарга нь тэдэнд хүссэнийг нь өгөөд л байлгаж байх нь амар.
Шаг... мад...
“ДӨЛ” СОНИНЫ ЭРХЛЭГЧ, СЭТГҮҮЛЧ Д.ДЭЛГЭРМАА